alim.mn | 2024.12.29
150 сая төгрөгийн авлига авсан БОАЖЯ-ны газрын дарга Д.Даваасамбад гурван жил хорих ял оноов
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, түүний найз Б.Хангай, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэгийн орон тооны зөвлөх А.Цолмон, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ургамлын нөөц, ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн асан С.Баярхүү, БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Бүнчинжав, “Оюуцагаан барс” ХХК-ийн удирдах албан тушаалтан Ц.Анхбаяр, иргэн П.Дэлгэрмөрөн, Г.Пүрэвбаяр, С.Зоригтбаатар, “Цагаанбиндэръяа” компанийн захирал Д.Эрдэнэчимэг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцлоо.

 Шүүхээс хахууль зуучилсан гэм буруутай гэж үзсэн Б.Хангайд нэг сая 920 мянга, П.Бүнчинжавт тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурваж жил хасаж 9.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. А.Цолмонг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж 20 сая, С.Зоригтбаатарыг хахууль өгсөн гэм буруутай хэмээн дүгнэн, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торголоо.

Харин БОАЖЯ-ны газрын дарга асан Д.Даваасамбыг хахууль өгөхийг шаардаж авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хязгаарлан хасан, гурван жил, С.Баярхүүг мөн үндэслэлээр төрийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорих ял шийтгэсэн байна.

Хахууль өгсөн хүмүүс Сибирийн хуш модны самрын идээ буюу чөмөг 30 тн, яс 600 тн-ыг экспортлох зөвшөөрөл гаргуулахын тулд БОАЖЯ-ны албан тушаалтнуудад эгч, найз, танил талаар нь дамжуулж, 20-150 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон. БОАЖЯ-ны Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Баярхүүд 40 сая төгрөг, хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамбад 150 сая төгрөг өгсөн гэдэг. Ийнхүү 3 жил шахам шалгагдсан хэрэг шийдэгдлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ