Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын болон Гадаад Харилцааны Яамны мэдэгдлийн талаар намын бүлгийн хурлаар хэлэлцсэн тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өгөв.
Тэрбээр “Украин, ОХУ-ын хоорондын нөхцөл байдал үүссэнээс хойш Монголд Био лаборатори бий болгосон бөгөөд ажиллаж байгаа гэсэн мэдээллийг ОХУ-ын албаны хүн удаа дараа хэлж байна. Энэ талаар ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан.
Хөндлөнгийн экспертүүдийг яаралтай уриад ийм лаборатори байна уу үгүй юу гэдэг дүгнэлтийг гаргуулж, найрсаг хөрш ОХУ-ын зохих байгууллагуудад хүргүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдэгдлээс илүү зүйл хийх нь зөв. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргуулан найрсаг харилцаатай хөршдөө мэдэгдэх хэрэгтэй. Үүнийг зохих байгууллагууд нь яаралтай нягталж шийдвэрлэх хэрэгтэй байна, Мөн Жуковын хөшөөний дэргэд самбартай жагссан иргэдийн мэдээллийг нягтлах шаардлагатай” гэв.