Уртын дуучин Б.Батцэцэглэн гэж сайхан бүсгүй урлагт өнгө нэмэн орж ирсэн. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харъяат дуучин бүсгүй эмээ дээрээ өссөн, мал ахуйтай ойрхон өссөн болохоор тэр үү, ардын дууг маш сайхан "амилуулж" дуулдаг. Харин уртын дуучин болсон тухайгаа "Би ирээдүйгээ бодож уртын дуучин болохоор шийдсэн. Би өөр чиглэлээр дуулсан бол магадгүй 50 хүрээд тайзан дээр дуулахгүй байх. Уртын, ардын дууг дуулахад тайз хэзээ ч дуучныхаа насыг голдоггүй. Жишээлбэл, Норовбанзад гуай, Дорждагва ах, манай бүх сайхан дуучид настай байх тусмаа уртын дууны гүн утгыг ойлгож, хүмүүст илүү хүргэдэг шүү дээ" гэж ярьжээ. Дуучин Б.Батцэцэглэн “Марко Поло” киноны Унгарт болсон зураг авалтад 2015 онд явж, Хубилай хааны хүүгийн хуримны хэсэгт “Зээргэнтийн шил” уртын дуугаа дуулсан. Тэр үед монголчуудаас гадна олон гадаад хүмүүс дуу сонсоод уйлж байсан гэдэг.
Дуулахын зэрэгцээ "Цэцэглэн" хувцас оёдлын салонтой. Тоглолт дээр номероо хүлээх зуураа зүү ороох ч юм уу, юм оёод суучихдаг. Гэртээ зав чөлөө гарвал толгойн гоёл хийж, өдөр тутамдаа өмсөх даашинз, дээлээ өөрөө оёдог. Хүүхдүүдийнхээ цагаан сараар өмсөх дээлийг ч оёчихдог уран эмэгтэй.
Дуучин Б.Батцэцэглэнгийн нөхрийг Г.Наранбат гэдэг. Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч мэргэжилтэй. Анх СУИС-ийн оюутан байхдаа танилцсан хос өдгөө хүү, охин хоёртой болсон. Б.Батцэцэглэн "Миний ажил, амьдралын хамгийн том багана нь хань минь юм" гэсэн. Түүний хамгийн том баган болсон хань нь энэ...