Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Улсын ерөнхий прокуророр асан М.Энх-Амгалангийн хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийж байна. М.Энх-Амгалан АТГ-т байцаалт өгч байгаа аж. Түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа буюу 2017 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн шалгагдаж буй хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгоход нөлөөлсөн гэж үзэж буй.
М.Энх-Амгалан хэрэг наймаалцан, “А” зэрэглэлийн бүсэд 10 га газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлж авсан гэх мэдээлэл байна. Дээрх хоёр хүн өнгөрсөн Баасан гариг /2022.04.15/-т АТГ-аас байцаалт авахаар дуудсан ч ирээгүй гэнэ. Дашрамд дурдахад, 2019 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
М.Энх-Амгалангийн хувьд 2018 онд УИХ-ын гишүүдээс шударга ёс нэхэж, "Сүүлийн үед би УИХ-д гурав дахь асуудлыг оруулж ирж байна. Шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байна, тэр шударга ёс. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн үндсэн зарчимтай УИХ яагаад хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ. Өнөөдөр түдгэлзүүлэлгүйгээр шалга л даа гэж байна. Гэтэл түдгэлзүүлэлгүйгээр шалгах, жирийн иргэн хоёр өөр гэдгийг та нар сайн мэдэж байгаа.
Энэ хүний үүрэг даалгавраар шийдвэр гаргасан, үүрэг гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр цагдан хоригдож байна. Гэтэл шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Шударга ёсыг тогтоохын төлөө би асуудлыг оруулж ирж байна. Та нар болж бүтэхгүй алдаатай согогтой хууль гаргачихсан атлаа түүнийх нь дагуу ажиллаж байгаа хүнийг “Чи ажлаа хийсэнгүй” гээд байдаг. Миний үүрэг бол хууль тогтоомжийг хэрэгжүүлэх. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч гэсэн би яллах ийм л үүрэгтэй хүн" гэж хэлж байв.