Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн талаар байр сууриа илэрхийлэв. Д.Эрдэнэбилэг NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Төрд гомдож байна” хэмээн хэлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэж байгааг ойлгохгүй байна. Яагаад гэвэл Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Шулуухан хэлэхэд, Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн Банкны бүх удирдлагыг томилсон. Хоёр намыг ч хоёуланг нь удирдаж байсан.
Эрдэнэт, Монголросцветмет, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа гомддоггүй юм бол гомдох эрхтэй хүн биш.
Д.Эрдэнэбилэг энэ асуудалд олон оролцогч байгаа гэж хэлж байна билээ. Би нэвтрүүлгийг нь харсан. Энд бүх хууль хяналтын байгууллагынхан, шүүгчид байсан. Үүнийг ТЕГ-ын дарга нь удирдан зохион байгуулсан.
Харин одоо Засгийн газар хууль ёсны бизнесийн төлөө зогсож байна. Дахин ийм систем Монголд битгий бүрэлдээсэй гэж бодож байна.
Хөгжлийн Банктай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлж байна билээ. Уг нь бол зээл авсан бол төлөх ёстой. Огт төлөгдөхгүй байгаа зээлийг бид яах вэ. Олон нийт үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна” гэв.