alim.mn | 2024.12.28
Шинэ жилийн баярын өмнө ажилтнуудаа бэлэн 28 сая төгрөгөөр шагнасан Д.Ганболд “хүсэмжит дарга”-аар тодорчээ

Хүсэмжит эмэгтэй, залуу гэж байдаг бол өдгөө “хүсэмжит дарга” бий болжээ. Төрийн албан хаагчид ажлаар шахдаггүй, алдааг нь уучилдаг дээрээс нь байнга шагнадаг даргыг ингэж өргөмжилдөг. Тэгвэл  2021 оны 11-р сарын сүүлээр Т.Гантөмөрийн оронд  хотын ерөнхий менежерээр очсон МАН-ын хуучин зүтгэлтэн Д.Ганболд  энэ болзлыг  эхнээсээ “хангаад” эхэлжээ.  Тэрээр ерөнхий менежер болсоноос хойш ердөө сар гаруйн дараа буюу оны сүүлээр А/341 тоот тушаалаараа 28,6 сая төгрөгийг данснаас бэлнээр гарган 59 ажилтанаа бөөнөөр нь шагнажээ. Ийнхүү шинэ жилийн баярын өмнө иргэд баяраа тэмдэглэх мөнгөгүй ядарч явахад захирагчийн ажлын албаныхан бүгд бэлэн дэвсгэрт тоолж бөөн баяр болцгоосон аж. Гэтэл тухайн онд ерөнхий менежерийн цэргүүд авдаг урамшууллаа авсан атлаа ингэж давхардуулан шагнуулжээ.  Төсвийн байгууллага нь байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай бэлэн мөнгийг гурван саяас хэтрүүлэхгүйгээр бэлнээр гаргах тухай журамтай  ч энэ нь “хүсэмжит” дарга болж харагдах гэсэн Д.Ганболдод хамаагүй аж.  Үүнээс гадна ерөнхий менежер өөрийнхөө зөвлөлийн гишүүд гэгчид 13,5 сая төгрөгийг бас шагнал хэлбэрээр өгчээ.  Энэ их мөнгийг тэд ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ гүйцэтгэсний төлөө л авсан нь шалгалтаар илэрчээ. Үүрэгт ажлаа хийсний төлөө цалин аваад дээр нь шагнуулдаг, томоохон баярын өмнө бэлэн мөнгөөр баярлуулдаг даргатай гээд  захирагчийн ажлын алба “хүсэмжит” газар болон хувирчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ