Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргаж, Зүүнбаян чиглэлд 414,6 км төмөр зам тавихаар болсныг олон нийт шүүмжилж байна. 2010 онд Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогыг батлах үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед уг замыг барьж жилдээ 50 тэрбум долларын ашгийг олох боломжтой гэж тооцоолж байлаа. Нийт 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардсан тус төсөлд өнгөрсөн хугацаанд “Чингис” бондоос нийт 200 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. Гэтэл энэ 200 сая долларооро хэдэн хүн гаргаа угаагаад дууссан түүхтэй. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд оролцсон БНСУ-ын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг 2016 оны 05 сарын 23-ны шөнө баривчилж хорьсон юм. Ли Жон Гёлыг баривчлах үед тэрбээр ихэд уйлж байсан гэдэг. Лав л “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Гёл зөвхөн нүүлгэн шилжүүлэлтээс 9 сая ам.доллар завшсанаа хүлээн зөвшөөрсөн байдаг. "Энержи ресурс" ХХК 2011 онд “Говийн зам” нэртэй автозамыг өөрийн хөрөнгөөр барьж улсад хүлээлгэн өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэсэн үндэсний 10 компани тус бүрт “нүүлгэн шилжүүлэлтийн зардал” хэмээн нэг тэрбум төгрөгийг өгчээ. Ингэхдээ 2012 онд баригдах төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд дахин хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэ нь нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг хэмнэсэн үйлдэл байжээ. Харин “Самсунг Си энд Ти” эрх шилжүүлэн авахдаа тэдний тохирсон 10 компани дээр нэмж гурван компанитай гэрээ байгуулсан. Энэ нь "Транском" ХХК буюу "Хэт"-ийн охин компани, "Шинэ халхын төмөр зам" ХХК, "Повер Ложистик" ХХК юм. Эдгээр 13 компанийн “Самсунг Си Ти” компанитай хийсэн ул шорооны ажлын гэрээний дүнг 65 сая ам.доллар буюу 137 тэрбум төгрөгөөр тооцсон бол харин "Монголын төмөр зам" ТӨХК "Самсунг СТ" компанид ул шорооны ажлын нийт зардалд 119 сая ам.долларыг шилжүүлсэн байна. Үнийн дүнгээс илүүдэж зөрсөн бүх мөнгийг "Самсунг Си Ти" ашиг болгон авчээ. 119 сая ам.долларын гэрээний задаргааг харвал 14.8 сая ам.долларыг “нүүлгэн шилжүүлэлтийн зардал” хэмээн тусгажээ. Гэтэл 13 компанийн сүүлд нэмэгдсэн гурван компанид л 1.5 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтийн зардал гэж өгсөн байдаг. Ингээд 13.3 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтээс шамшигдуулан завшсанаа “Самсунг Си Ти”-гийн захирал Ли Жон Гёл хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгчээ. Ли Жон Гёл хэлэхдээ “Нүүлгэн шилжүүлэлтийн 9 сая ам.доллар миний хувийн дансанд орсон. Тэрхүү дансаараа дамжуулан 2 хэрэглээний карттай байсан. Манай эхнэр нэг картыг эзэмшиж байгаад үрээд дууссан. Харамсаж байна” гэжээ. Энэ мэтээр Гашуун сухайтын төмөр зам “нохойн замаар” орсон. Юутай ч “МТЗ" ТӨХК тус компанид 199.7 сая ам.долларыг бүрэн шилжүүлж өгснийг Хөгжлийн банкны санхүүжилт баталдаг ч үлдсэн зүйл байхгүй. Улсын дээд шүүх, Лий Жонг Ёлыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоогоод энэ хэрэг хаагдсан. Монголчууд төмөр замгүй, шороон зам дээрээ том тэргээрээ нүүрсээ зөөсөөр хохироод өдий хүрсэн. Ганц ч км замгүй тавьсангүй, танкны үлгэрээ ярьсаар овоолсон шороо үлдлээ.
Барина, бүтээнэ, нүүрсээ зөөнө гэж улстөрчид олон жил хэрэлдэн, их хэмжээний хөрөнгө завшсан дуулиан дагуулж, Монголчуудын эмзэг ханддаг энэ сэдвийг Засгийн газар өндийлгөж, Тавантолгой ордыг Дорноговийн Зүүнбаян руу холбох 414.6 км замыг барих шийдвэрийг гаргалаа. Энэ төмөр замын ажилд 1,800 цэргийн албан хаагчийг дайчилна. Ахиад л төмөр замын тухай дуусдаггүй хэрүүл дэгдэж, баахан шороо далан босгож, нэг хэрмэл солонгос эрд чадуулаад өнгөрөхвий гэсэн болгоомжлол монголчуудад бий. Гэхдээ ЖДҮХС-гаас авсан зээлээрээ Ерөнхиийлөгчид барьцаалагдсан 49 гишүүн айдас хүйдэст автаад эсэргүүцэхгүй, үг дуугарахгүй байна. Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ хоёр л эр хүн, төрийн хар хүн шиг загнаж энэ тухай зоригтой дуугарч байна.