Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд Соёлын яам Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд соёлын өвийн үзлэг, тооллого хийж, үр дүнг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа бурхан, тахил, шүтээний зэрэг эд зүйлийг өмнө нь 1987 онд Музейн удирдах газар, 2013-2014 онд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тоолж байсан юм.
Энэ удаагийн тооллогоор 46070 эд зүйл бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь шүтээн зураг (танка), баримал, шуумал, цутгамал болон хөөмөл бурхан шүтээний зүйлс байна. Үлдсэн хэсэг нь түүх, угсаатны болон шашны зан үйл, оёмол, хатгамал, сийлмэл бурхан шүтээний зүйлсээс бүрдэж байна.
Дээрх эд зүйлсийг нэг бүрчлэн тоолж, хэмжээ, жинг давхар нягтлан цахим бүртгэлийн системд оруулсан бөгөөд гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан Соёлын өвийн үндэсний төвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд шилжүүлэн хадгаллаа.
Мөн тооллогын явцад бохирдсон бурхан шүтээн, эд зүйлсийг цэвэрлэж, хийдийн лам, ажилтнуудад соёлын өвтэй харьцах, хамгаалах сургалт хийж соёлын өвийн мэдлэг ойлголтыг нь дээшлүүллээ.
Засгийн газрын хуралдаанаас Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа хосгүй үнэт дурсгалт зүйлийг дижитал технологиор өндөр нарийвчлалтай баримтжуулах, хийдийн сүм дуган болон тэдгээрийн орчинд дохиолол, хяналтын камерын иж бүрэн систем суурилуулах, дурсгалт зүйлд үнэлгээ тогтоох, яаралтай сэргээн засварлах шаардлагатай дурсгалт зүйлийг үе шаттай сэргээн засварлах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгав.
Эх сурвалж: Соёлын яам