Засгийн газраас зарласан хэмнэлтийн бодлого, хөтөлбөрийг шат шатны Засаг дарга нар “жадлан” унагасаар байна. Жилийн өмнөхөн "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 43-р тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх, салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулахыг үүрэгдсэн. Явган аялал зугаалга зэргийг ч хориглосон. Үүнд спортын арга хэмжээ багтана. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өөрийнхөө нэрэмжит “Спорт наадам-22” тэмцээнийг төсвийн 10 сая төгрөгөөр хийж байна. Хэмнэлтийн үед төрийн байгууллага спортын уралдаан, тэмцээнийг нэг жил тэвчихэд болохгүй зүйл үгүй. Тэгээд ч тэд тамирчид биш. Төрийн бүх байгууллагад элдэв төрлийн спортын уралдаан тэмцээн болдог нь хавтгайрсан үзэгдлийн нэг юм. Үүнд хувцас хэрэгсэлээс эхлээд шагнал урамшуулал, медаль цом гээд төсвийн ихээхэн хөрөнгө зарцуулагддаг. Албан хаагчид ч ажлаа орхин бэлтгэл сургуулилалт хийхээс гадна амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацааг зааланд бөмбөг хөөсөөр таардаг. Олон сая төгрөгний өртөгтэй тэмцээн уралдаан явуулаад төрийн албан хаагчидад дээрдсэн юм алга л байна. Ийм цаг үед Засаг дарга хатагтай өөрийнхээ нэрэмжит бүр спорт наадмыг 10 сая төгрөгөөр хийж байгаа нь зохимжгүй юм.