Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөө өглөө шуурхай хуралдаж, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан байна.
ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ЯАГААД САНАЛ ОРУУЛАВ?
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах прокурорын тогтоол гарсан. Тэрбээр тус тогтоолтой танилцахаар өчигдөр /2022.04.25/ АТГ-т очих үеэр "Хөгжлийн банкныг шалгаснаас хойш тус банктаы холбоотой ямар нэг асуудлаар намайг урьдчилаад гэм буруутай болгочих гээд байна. Өнөөдөр тогтоолтой бүрэн гүйцэд танилцаж амжсангүй. Гэхдээ манай Засгийн газрын үед гарсан шийдвэртэй холбоотойгоор яллагдагчаар татсан юм шиг байна. Би өмнө нь гурван жил шахам яллагдагч гэдэг нэртэй явсан. Харин өнөөдөр юу болоод байгааг мэдэхгүй байна. Үнэн үг хэлэхээр олон хүн дургүй байдаг. Н.Алтанхуягийг дуугуй болгох зохиол бичигдэж байгаа гэсэн. Зохиол нь хэрхэн бичигдсэнийг мэдэхгүй байна. Монголд шударга ёс гэж байхгүй болсон. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг гишүүд кноп дараад шийддэг. Миний эсрэг зохион байгуулалттай дайрч байна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, 2017 онд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгт Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авахад нь туслалцаа үзүүлж, хариуд нь 100 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгагдаад буй. Тэрбээр өөрийг нь Хөгжлийн банктай холбоотой асуудлаар яллагдагчаар татсан тогтоолтой өнгөрсөн долоо хоногт танилцсан бөгөөд мэдүүлгээ бичгээр өгсөн гэдгээ хэллээ. Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан эсвэл мэдүүлэг өгөхөөс зугтсан зүйл байхгүй. Хэрэг мөрдөн байцаах шатанд байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар мөн адил Хөгжлийн банктай нэр холбогдоод буй. Ийм асуудал гарахыг мэдсэн мэт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж буйгаа мэдэгдээд амжсан билээ. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн тухайд эгч нь Хөгжлийн банкнаас зээл авахад ямар нэгэн нөлөө үзүүлээгүй бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн биш байсан гэдгээ удаа дараа илэрхийлсэн юм.
ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО МАРГААШ ХУРАЛДАНА
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дээрх асуудалтай холбогдуулан маргааш 10:30 цагт хуралдахаар болжээ. Гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцэх бөгөөд Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаах, хэрэг материалтай бүрэн танилцах эрхтэй байдаг юм.