Байгуулагдаад ердөө дөрөвхөн сар болсон халхавч компанийн данс руу 180 сая ам.доллар шилжүүлэн улмаар оффшор бүс рүү гаргасан гэх хэргийн мөрөөр Тагнуулын ерөнхий газрын Эдийн засгийн тагнуулын албаныхан оржээ. Гадаадаас гаралтай хууль бус мөнгийг Hawala type мөнгөн гуйвуулгын сүлжээгээр дамжуулан халхавч компаниар Монголд оруулж иржээ. БНХАУ-д бүртгэлтэй данснаасаа Монгол дахь вальют арилжаа эрхлэгчийн БНХАУ дахь дансанд мөнгөө байршуулаад, удалгүй ам.доллларын дансанд шилжүүлээд цааш нь оффшор бүс рүү гаргачихсан гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад банкны гүйлгээний хяналтын мэргэжилтэнд худал мэдээлэл өгснийг тогтоосон байна. Ингэхдээ оффшор бүс рүү гаргаж байгаа мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлахдаа тухайн компани нь манай улсын зах зээлд импортын, тэр дундаа электрон бараа нийлүүлдэг гэж тайлбарлажээ. Тухайн компанитай холбоотой мэдээллийг шалгахад импортын үйл ажиллагаа явуулдаггүй ААН болж таарчээ. Энэ компани байгуулагдаад 4 сар болохдоо 180 гаруй сая ам.доллар өөрийнхөө дансаар эргэлдүүлээд гаргасан аж. 180 сая ам.долларыг ААН-ийн орлогын албан татварынхаа тайланд үндсэн бус үйл ажиллагааны орлогын валютын ханшийн зөрүүнээс олсон орлого гэж тавьсан байсан. 4 сарын хугацаанд 180 сая ам.долларыг валют арилжааны зөрүүнээс олно гэдэг бол үндэслэлгүй. Гүйцэтгэх ажлын хүрээнд нэгжлэг хийхэд оффшор бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн гэрээ, тамга, компанийн дүрэм зэрэг зүйлс олдсон байна.