Монголын хүү Молом нэгэнт “Монголоо” орхин одож, Азербайжены тамирчин болжээ. Энэ сарын эхний өдрөөс эхлэн “Саид Моллаеи Азербайжаны төлөө барилдах хүсэлтэй байна” хэмээн Монголын хэвлэлүүд бичиж эхэлсэн. Азербайжаны Жүдо бөхийн холбоо Моллайг өөрийн багт авах эсэх асуудлыг хэлэлцэж буй бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооноос гарах эцсийн шийдвэрийг хүлээж байгаа талаар мөн мэдээлж байлаа. Тэгвэл асуудал хэдийнэ нэгэнтээ шийдэгдэж, Олон улсын жүдо бөхийн холбоо шийдвэрээ гаргасан бололтой. Харин манай улсын жүдо бөхийн холбооноос албан ёсны мэдэгдэл гаргасангүй. Моллай ч өөрөө албан ёсны мэдэгдэл хийсэнгүй. Ямартай Азербайжаны тамирчин болсон ч түүнийг оноог хэвээр үлдээжээ. Саид Моллаеи одоогоор 81 кг-д 2994 оноотойгоор долдугаарт эрэмбэлэгдэж байна.
Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Харин 2019 онд Саиед Моллай өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө барилдсан юм.
Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч руу утсаар холбогдон Саид Моллаеиг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Хэрвээ ялалт байгуулвал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв. Хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн бөгөөд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон Улсад суух Ираны Элчин сайдын яамны төлөөлөгч Саидтай уулзан, дахин сануулжээ.
Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн учир хүнд байдалд орсон Саид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагдсан түүхтэй. ДАШТ-ий дараа тэр Иран руу буцалгүй Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм. Саид Моллаеид Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан түүхтэй.
Монгол Улсын нэрийн өмнөөс оролцсон анхны тэмцээн “Чиндао Мастерс 2019” тэмцээн байсан. Харин Унгарын нийслэл Будапешт хотноо 2020 оны аравдугаар сард болсон “Их дуулга”-д хүрэл медаль хүртэж, Монголын нэрийн өмнөөс барилдах болсноосоо хойш анхны медалиа хүртсэн юм. Түүний дараагаар 2021 оны хоёрдугаар сард Тель Авивын “Их дуулга”-аас мөнгөн медаль, 2021 оны дөрөвдүгээр сард Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2021 оны долдугаар сард Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэж, Монголын нэрийг дэлхийд гаргасан. Токиогийн олимпоос 29 насандаа Монгол Улсын 29 дэх олимпийн медалийг хүртсэн тэр өөрийнхөө амьдралд болон Монгол Улсын түүхэнд нэгэн шинэ түүхийг бүтээж байлаа.
Олимпын медальт тамирчдын жагсаалт
- Мөнгө - Ж.Мөнхбат (Чөлөөт бөх)
- Хүрэл - Ч.Дамдиншарав (Чөлөөт бөх)
- Хүрэл- Д.Сэрээтэр (Чөлөөт бөх)
- Хүрэл - Т.Артаг (Чөлөөт бөх)
- Мөнгө - Х. Баянмөнх (Чөлөөт бөх)
- Мөнгө - З. Ойдов (Чөлөөт бөх)
- Мөнгө - Ц.Дамдин (Жүдо)
- Мөнгө - Ж.Даваажав (Чөлөөт бөх)
- Хүрэл - Р.Даваадалай (Жүдо)
- Хүрэл - Д.Оюунболд (Чөлөөт бөх)
- Хүрэл - Н.Энхбат (Бокс)
- Хүрэл - Н.Баярсайхан (Бокс)
- Хүрэл - Д.Мөнхбаяр (Буудлага)
- Хүрэл - Д.Нармандах (Жүдо)
- Хүрэл - Х.Цагаанбаатар (Жүдо)
- Алт - Н.Түвшинбаяр (Жүдо)
- Алт - Э.Бадар-Ууган (Бокс)
- Мөнгө - О.Гүндэгмаа (Буудлага)
- Мөнгө - П.Сэрдамба (Бокс)
- Мөнгө - Н.Түвшинбаяр (Жүдо)
- Мөнгө - Н.Төгсцогт (Бокс)
- Хүрэл - С.Ням-Очир (Жүдо)
- Хүрэл - У. Мөнх-Эрдэнэ (Бокс)
- Хүрэл - С.Батцэцэг (Чөлөөт бөх)
- Мөнгө - Д.Сумьяа (Жүдо)
- Хүрэл - Д.Отгондалай (Бокс)
- Хүрэл - М.Уранцэцэг (Жүдо)
- Хүрэл - Ц.Цогтбаатар (Жүдо)
- Мөнгө - Саид Моллай (Жүдо)
- Хүрэл - Б.Болортуяа (Чөлөөт бөх)