Хууль Сахиулахын Их Сургуулийн Сургалт, чанарын албаны чанарын үнэлгээний хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэх урт гуншинтай албанд ажиллаж байсан хилийн цэргийн ахлагч дэслэгч С.Урнаа нь “... элсэгчдийг цахим бүртгэлд хамруулах, хяналт тавих, цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөс татан авах” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байхдаа элсэлтийн шалгалтын оноо хүрээгүй Б.А-ын оноог нэмж тавин, элсэлтийн бүртгэлд хамруулсны төлөө 5,5 сая төгрөг авсан, мөн “2018-2019 оны хичээлийн жилийн 1+1 хөтөлбөрт шууд хамруулна” хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийг урьдчилан амлаж, эрх зүйч мэргэжилтэй Ч.Ц-ыг тус сургуульд шууд оруулах ашиг сонирхлын үүднээс 3,0 сая төгрөгийн хахууль нэхсэн гэж буруутгагджээ. Энэхүү хахуулийг дамжуулан зуучилахад ШШГЕГ-ын 407-р ангийн тоо бүртгэлийн туслах,Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдийн лам, “Монхорус интернейшнл” компанийн нягтлан зэрэг таван хүн холбогдсон. Сургалтын албаны менежерээр оноогоо нэмүүлсэн болон “1+1” хөтөлбөрт орох гэсэн залуус ХСИС дээр очоод л хэрэг нь илэрчээ. Дээр нь энэ явдал АТГ-ынхан уг сургууль дээр ажиллаж байхад гарсан байна. “1+1” хөтөлбөрт орох гэсэн Өвөрхангайн Ч.Ц нь хотод ирээд ХСИС орж мэргэжилтэн Урнаатай уулзаж эрүүл мэндийн хуудсаа авч эмнэлгийн үзлэг шалгалтанд орж тэнцжээ. Сургалтын “төлбөрд” гурван сая төгрөг нэхэгдсэнээс 1,5 саяыг нь дансаар шилжүүлсэн. Шалгалтуудаа өгсөний дараа сургууль дээр “1+1” хөтөлбөрт тэнцэгсдээс сорил авах үед түүний нэрийг дуудаагүй байна. Тэрээр шүүлгэж үзэхэд нэр нь байсангүй. Харин өөдөөс нь эрүүл мэндийн хуудас хэрхэн авсныг нь асуужээ. Ингээд мэргэжилтэн Урнаагаас авснаа хэлэхэд хилийн цэргийн ахмад “танай эгч чинь ганцад хоригдож байгаа мэдээгүй юм уу” гээд өрөө рүү нь дагуулж оржээ. Бүртгэлийн дэвтрээс харахад Ч.Ц-ын нэрийг хамгийн сүүлд нь бичсэн байсан гэнэ. Харин программаас шүүж үзэхэд нэрийг нь оруулаагүй байжээ. Өнөөх ахмад “программд бүртгэж чадалгүй баригдаад явчихаж” гэж хэлээд Ч.Ц-аас тайлбар аваад дараа нь АТГ руу явуулжээ. Оноогоо нэмүүлсэн гэх Б.А нь бас л ингэж баригджээ. ХСИС-ийн босго оноонд хүрсэн 200 гаран элсэгч нар луу “Танд элсэлтийн нэмэлт шалгалтанд орох эрх үүссэн тул 2018 оны 07 дугаар сарын 03-ны дотор их сургуульд биеэр ирж бүртгүүлнэ үү, Хууль Сахиулахын Их Сургууль” гэсэн мессежийг зэрэг явуулсан. Улмаар уг мессэжийг шалган элсэгчдийг сургуульд нэвтрүүлсэн. Энэ үед Б.А залуугийн гар утсанд мессеж ирээгүй болох нь илэрчээ. Түүнийг өрөөнд оруулж асуухад сургуульд элсэн бичиг баримтуудаа сургалтын албаны Урнаад өгсөн гэжээ. Ингээд ХСИС-ийнхан сургалтын албаны мэргэжилтнээ “тагнажээ”. Оройн 17 цагийн үед Урнааг бүртгэгч нарын өрөөнд орж дэвтэр дээр нь хүүхэд бүртгэчихээд гараад явчихлаа гэсэн мэдээлэл дотоод холбоогоор иржээ. Энэ хугацаанд Б.А-г сургууль дээр байлгасаар байсан. Удалгүй түүний утсанд “Болороо эгч” гэж тэмдэглэсэн дугаараас дуудлага ирэхэд албаныхан чанга яригч дээр нь тавиулж байгаад яриулжээ. “Болороо эгч” нь “Хүн амьтан юм асууж байна уу, юм суувал дуугүй л байгаарай. Урнаа эгч дүнг чинь нэмчихсэн чинь тэрэн дээрээ шалгагдаж байна. Чамаас хүн амьтан юу ч асуугаагүй юу, чи одоо хаана байна. Өндөр жинг чинь авсан уу, эрүүл мэндийн хуудсаа авсан уу, холхон шиг байгаарай” гэж хэлээд тасалжээ. Удалгүй ахин залгаад “Урнаа эгчийнхээ нэрийг ерөөсөө хэлж болохгүй шүү” гээд тасалжээ. Албаныхан энэ бүх яриаг бичиж авчээ. Б.А-гаас тодруулахад “6.000.000 төгрөг л яригдаад байсан. Ээж, эгч нар сайн мэдэж байгаа. Ээж Хэнтий аймаг дахь хашаа байшингаа зарсан” гэжээ. АТГ-ынхан сургууль дээр нь ажиллаж байхад ийм хэрэг өдүүлсэн гэхээр сургалтын мэргэжилтэн нь нэлээд зориг гаргажээ. АТГ-ынхан сургууль дотор Урнаагийн араас хөөцөлджээ. Номын санч нь “Би өрөөндөө сууж байтал араас С.У орж ирээд цүнхнээсээ цаас гаргаж ирээд миний ширээн дээр шидчихээд “наадхаа устгачихаарай” гэсэн. Яг энэ үед АТГ-ын мөрдөгч хаалга татахад С.У гараад явсан. Ширээн дээр шидсэн цаасыг нь харахад Хууль Сахиулахын Их Сургуулийн Захирлын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/121 тушаал, түүний хавсралтууд болон бичгийн цаасан дээр гараар бичсэн нэрийн жагсаалт байсан. Тэгээд би АТГ-ынхан сууж байсан 509 тоот өрөөнд оруулж өгсөн” гэжээ.