alim.mn | 2025.01.12
О.Батхүү: Банкууд зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн

Арилжааны банкууд бүгд адилхан нэг хувийн шимтгэлийг зээлдэгчээс авдаг нь хууль зөрчсөн гэж хуульч О.Батхүү үзжээ. Тэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ асуудлыг шалгуулах өргөдлөө өглөө.

Өмгөөлөгч О.Батхүү “Банкууд зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн. Би Монголбанкны Ерөнхийлөгчид энэ асуудлаар хандсан. Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн түүнийг хүлээн авч  уулзаад, банкуудын зээлийн шимтгэл авч буй журмыг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд би ШӨХТГ-т хандан, банкууд хоорондоо шударгаар өрсөлдөж байна уу гэдгийг тогтоолгох хүсэлтээ гаргалаа.

Банкууд зээл олгосныхоо хариуд нэг хувийн шимтгэл авч, шударга бусаар өрсөлдөж байна. Өрсөлдөөнт зах зээлд банкуудын шимтгэл яагаад адилхан байна вэ? Тэд хоорондоо үгсэн хуйвалдаж, иргэдэд сонголт өгөхгүй байна.

Банкууд хоорондоо шударгаар өрсөлдөж байна уу гэдгийг тогтоолгох хүсэлтээ гаргалаа.

Банкууд нийлж ажиллаж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дэх заалтад хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглосон. Мөн энэ хуулийн 11.1.1-т аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлах чиглэлээр бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохирч болохгүй гэж заасан. Зээлдэгч өөрөө бүх шаардлагатай материалыг бүрдүүлээд банканд гаргаж өдөг. Зээлийн эдийн засагч ипотекийн зээл авах гэж буй иргэний сонгосон байрны зургийг л нэг удаа очиж авдаг. Тэгсэн атлаа маш өндөр дүнтэй шимтгэл авч байна. Зээлдэгчид бол банкны хэрэглэгчид юм. Энэ асуудлаар банкуудад шалгалт оруулж өгнө уу. Банкуудаас бодит зардал гарч буй эсэхийг шалган, дүгнэлт гаргаж өгнө үү” гэв.

Мөн тэрээр шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны хуульчид ШӨХТГ-т дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн юм.

Өмнө нь энэ асуудлаар ШӨХТГ шүүхэд хандахад ШӨХТГ өөрөө хохирогч биш гээд шүүхээс буцааж байжээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Банкнаас зээл аваагүй хүн ховор. Өөр өөр зээл авсан ч бүгд ижил буюу 1 хувийн шимтгэл авч байгааг бид дахин шалгана.

Би ажлаа аваад удаагүй байна. Монголбанкны журамд банкууд 1-ээс дээшгүй хувиар шимтгэл авна гэж заажээ.

Байрны үнэ харилцан адилгүй байдаг.         

Хэрэглэгчийн  эрх ашгийг хөндсөн байж болзошгүй тул бид шалгаад тантай эргээд холбогдоно. Таны саналыг хүлээн авч, ажлын хэсэг томилно. Үнийн өсөлтөөс эхлээд бидний өмнө олон ажил бий. 2011 онд манай байгууллага энэ асуудлыг судлаад, Өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэсэн ч Давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ хохирогч биш учраас иргэнийг төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гарч, банкуудын талд шийдсэн юм билээ. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн.

Банк, иргэний хооронд зээлийн гэрээ байгуулснаар эрх зүйн харилцаа үүснэ. Энэ гэрээг байгуулахаас өмнөх зардлыг иргэнээр төлүүлэх нь буруу.

Иргэн 10 сая төгрөгийн зээл авахад дансанд нь 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг атлаа зээлийн хүүг төлөхдөө 10 сая төгрөгөөс төлдөг нь буруу. Банкны эдийн засагчид байрны зээл олгохдоо зураг авах ажил л хийж байна. Шалгалтын хариуг олон нийтэд мэдээлнэ. Хэрэв банкууд 1 хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авч байгааг тогтоовол Төв банканд хандан, одоо мөрдөж буй журмыг өөрчлүүлнэ” гэв.    

Төв банкнаас хуульч О.Батхүүгийн хүсэлтэд “Бид төрийн байгууллага, банк ямар шимтгэл тогтоохоо өөрсдөө шийднэ. Бид дотоод үйл ажиллагаанд нь оролцохгүй” гэсэн хариу өгчээ.

Тэрээр “Би үүнтэй санал нийлэхгүй. Банкууд зээлийн хүү, шимтгэлээ үндэслэлгүй тогтоовол Монголбанк хүчингүй болгох эрхтэй. Мөн Монголбанк банкуудын үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлэхгүй байна.

Банк, иргэний хооронд зээлийн гэрээ байгуулснаар эрх зүйн харилцаа үүснэ. Энэ гэрээг байгуулахаас өмнөх зардлыг иргэнээр төлүүлэх нь буруу. Зээл авахын тулд иргэн өөрөө багагүй зардал гаргадаг. Гэрээ байгуулахаас өмнөх зардал банканд хамаагүй шүү дээ. 150 сая төгрөг болон 50 сая төгрөгийн үнэтэй зээлийг судлахад банкнаас яг ижил зардал гардаг атал шимтгэлийг тогтмол дүнгээр авахгүй, байрны үнийн дүнтэй холбох нь буруу” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ