alim.mn | 2024.12.22
Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлын тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд үе үеийн ерөнхийлөгчид уригдсанаас гадна шинэ төрийн тэргүүнийг үүрэгт албандаа орохыг үзэхээр 41 мянган хүн цуглажээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёл, тэргүүн хатагтай Ким Кеон Хи гуравдугаар сараас хойш анх удаа олны өмнө хамт гарч байгаа нь энэ аж. Өнгөрөгч саруудад гарсан томоохон дуулианд холбогдсоноос хойш олны анхаарлын төвд орохоос зайлсхийж байсан тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн талаар зарим баримтыг хүргэж байна. 


Уламжлалаа дээдэлсэн Солонгосын тэргүүн хатагтай нараас ялгаатай нь Ким Кеон Хи карьертаа анхаарч ирсэн. Гэрийн сайн гэрийн эзэгтэй, эхнэр байх нийтлэг жишгийг эвдсэн эмэгтэй юм Тэрбээр Кёнги их сургуульд урлагийн чиглэлээр суралцжээ. Их сургуулиа төгссөний дараа урлагийн боловсролоор магистрын зэргээ, дижитал контент дизайны чиглэлээр докторын зэргээ хамгаалсан байна.

Солонгосын ирээдүйн тэргүүн хатагтай 2009 онд "Кована Контент" урлагийн үзэсгэлэнг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллажээ. Түүний удирддаг компани Альберто Жакометти, Марк Шагалл, Марк Ротко зэрэг томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байсан аж. 

Солонгосын Ерөнхийлөгч эхнэртэйгээ 2012 онд гэрлэсэн юм. Тэд олон жилийн өмнөөс биенээ мэддэг байсан гэнэ. Гэрлэх үедээ Ким Кеон Хи 40 настай, Юн Сок Ёл 52 настай байжээ. Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг аж. 

Тэргүүн хатагтай Ким Кеон Хиг Deutsch Motors-ын хувьцааг залилж авсан хэрэгт оролцож, дундаас нь их хэмжээний ашиг олсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд прокурорын байгууллага одоогоор уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй, #MeToo хөдөлгөөний талаар нэгэн YouTuber-тэй ярилцаж буй бичлэг энэ жилийн эхээр цацагдсан нь солонгосчуудын эгдүүцлийг төрүүлжээ. Тэрбээр эрчүүд эмэгтэйчүүдэд (хохирогчдод) мөнгө төлөөгүйгээс болж  #MeToo хөдөлгөөн гарч байна гэх агуулгатай зүйлс ярьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

 Ким Кеон Хи 2018 онд өгсөн ярилцлагадаа "Нөхөр маань өндөр албан тушаал хашдагаас болж өөрийнхөө карьерыг орхиж, гэрийн эзэгтэй болохыг хүсэхгүй байна" хэмээн ярьж байсан боловч нөхрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараа The Korea Herald сонинд яриа өгөхдөө "Нөхрөө төрийн хэргийг амжилттай явуулахад нь туслах орчинг бүрдүүлэх нь эхнэр хүний хамгийн чухал ажил хэмээн бодож байна" гэжээ. 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ