Хотын төвийн ногоон байгууламж руу “морь хараад” нэрд гарсан Нийслэлийн өмчийн харилцааны газарт Захиргаа, санхүүгийн хэлтсийн түрээс, байр, ашиглалт хариуцсан мэргэжилтэн асан Д.Нэмэхбаяр, мөн газарт ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Н.Раднаасэд болон тэдэнд хахууль өгсөн есөн холбогдогчидтой хэргийг саяхан шүүх шийдвэрлэсэн. Холбогдсон хэргийн тухайд ахлах мэргэжилтэн асан Н.Раднаасэд нь “Үдийн цай” цай хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын цайны газруудаас гэрээг нь сунгах нэрийдлээр
- Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Юнирүүтс” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг Д.Эаас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А.Алтайгийн “Хаан” банкны дансаар дамжуулан өөрийн “Хаан” банкны дансаар 800.000 төгрөгийн хахууль авсан,
- Мөн Д.Нэмэхбаяртай бүлэглэн Хан-Уул дүүргийн Нэгдсэн цайны газрыг түрээслэгч “Амтат авгад” ХХК-ийн захирал О.Э-ээс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт Нийслэлийн өмчийн харилцааны газрын орчим бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. Харин “морь хардаг” Д.Нэмэхбаяр нь нэлээд олон үйлдэлтэй аж. Тэрээр ганцаараа :
-Баянгол дүүргийн “Монген” сургуулийн цайны газрыг түрээслэдэг “Гурван хушт тэмүүн” ХХК-ийн захирал Ж.Х-ээс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ш.Төгөлдөрийн “Хаан” банкны дансаар дамжуулан 500.000 төгрөг нийт 700.000 төгрөгийн хахууль авсан,
-Баянзүрх дүүргийн 55-р сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Буянтулга арвижих” ХХК-ийн захирал Д.Д-ээс түүний дүү М.Октябрийн “Хаан” банкны дансаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн “Хаан” банкны дансаар дамжуулан 200.000 төгрөгийн хахууль авсан,
-Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн цайны газрыг түрээслэдэг “Батнансал” ХХК-ийн захирал О.Сувд-Эрдэний эх М.О-аас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Хаан” банкны дансаар дамжуулан “Хаан” банкны өөрийн дансаар 500.000 төгрөгийн хахууль авсан,
-Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Инж-Ану” ХХК-ийн захирал ажилтай Э.Э-гаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банкны дансаар дамжуулан “Хаан” банкны өөрийн дансаар 1.000.000 төгрөгийн хахууль авсан,
- Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Агаржин” ХХК-ийн захирал Б.Ноос “Хаан” банкны дансаар дамжуулан 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг “Хаан” банкны өөрийн дансаар хахуульд авсан байна.
Мөн ахлах мэргэжилтэн асан Н.Раднаасэдтэй бүлэглэн Хан-Уул дүүргийн Нэгдсэн цайны газрыг түрээслэгч “Амтат авгад” ХХК-ийн захирал О.Э-ээс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн “Хаан” банкны дансаар дамжуулан 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт Нийслэлийн өмчийн харилцааны газрын орчим бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. Түүнээс гадна Д.Нэмэхбаяр нь нийслэлийн 41, 92, 71 дүгээр сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Агруу Ар хуст” ХХК-ийн захирал Х.Б-ны өмчлөлийн “..... УНН” улсын дугаартай “Тоёота Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд хувьдаа ашиглах хэлбэрээр хахуульд аван үнэ төлбөргүй унаж байжээ. “Агруу Ар хуст” ХХК-ийн захирал нь “...Гэрээ сунгаж өгөөд чирэгдэл учрахгүй байх гэж машинаа хэрэглүүлдэг байсан” гэжээ. 2017 онд НӨХГ-аас 100 гаруй сургуулийн цайны газрын түрээсийн гэрээг шалгаж дүгнэжээ. Ажлын хэсгийн ахлагчаар орлогч дарга Эрхэмбаяр, нарийн бичгийн даргаар Нэмэхбаяр нар ажилласан. Энэ шалгалт зохион байгуулалт, муутай замбараагүй явагджээ. Шалгалтыг газар дээр нь хийгээгүй агаад хичээл амарчихсан үеэр ердөө гэрээ зэрэг бичиг цаасыг шалгаж үзжээ. Шалгалтын дараа үр дүнг нь авч хэлэлцсэн хурал болоогүй агаад Нэмэхбаяр нь зөрчлүүдийг нэгтгэсэн дүгнэлт, тушаалын төсөл, хавсралтын хамтаар дарга нартаа танилцуулаад л батлуулсан аж. Шүүхээс Н.Раднаасэдэд 24,5 сая төгрөгийн, Д.Нэмэхбаярт 26,3 сая төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулжээ. Тэдэнд хахууль өгсөн сургуулийн цайны газрын эздийг 2,7 сая төгрөгөөр торгосон. Д.Нэмэхбаярт машинаа өгч унуулсан компанийн захирлыг 2,9 саяар торгожээ.