
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр шүүнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09:30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон юм. Өнгөрсөн сарын 29-нд шүүх хурлыг товлосон байсан ч гэрч оруулах саналаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Э.Энхбат агсны өмгөөлөгч О.Санчирбал:
-Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хоёр хүсэлтийг гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр шүүх хурлыг товлосон. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Нэр бүхий 10 гэрч оролцуулна.
Харин Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа "Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөхийг оролдож байна. Шүүгчийн зүгээс хараат бусаар хэргийг шийдвэрлэхээ илэрхийлсэн. Түүний дагуу хуульд тусгасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, нөлөөлсөн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон" гэжээ. Өнөөдрийн шүүх хуралд 10 гэрч оролцох юм.