alim.mn | 2024.12.27
Сайдын үүрэг гүйцэтгэгч тэмцээн зохиох нэрээр 150 саяыг шилжүүлсэн хэргийг прокурорт хүргүүлжээ

Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 122 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 82 гомдол, мэдээллийг хянагдаж байгаа аж.

Түүнчлэн нийт 604 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж буй. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 586 хэрэг шалгагдаж байна.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Ховд аймагт хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байсан албан тушаалтан “М” нь насанд хүрээгүй хүүхдүүдийг унадаг дугуй хулгайлсан хэрэг хүлээлгэхээр бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэх;
  • Нэр бүхий аж ахуй нэгжийн захирал “А” нь Булган аймгийн Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан тендер сонгон шалгаруулалтад оролцож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор эрх бүхий албан тушаалтанд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 80,000,000 /наян сая/ төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Xiamen Xz657 маркийн ковшийг 26,200,000 төгрөгөөр худалдан авсан боловч техникийн үзүүлэлт нь шаардлага хангахгүй механизмыг албан тушаалын байдлаа ашиглан худалдан авч төрийн байгууллагад хохирол учруулсан гэх;
  • Сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан албан тушаалтан “О” нь өөрийн хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан компани руу тэмцээн зохион байгуулах нэрээр 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрийн ял эдлүүлэх хэлтсийн албан тушаалтан “Б” нь иргэний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тогтоолыг хүлээн авсан боловч хууль зөрчин чиг үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын дараа холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн нь албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан ”Б” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон гэх;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын удирдах албан тушаалтан “Р” нь бусадтай бүлэглэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ийг үндэслэлгүйгээр байгуулж, тодорхой ажил гүйцэтгээгүй байхад гэрээ дүгнэсэн актуудад гарын үсэг зуран санхүүжилт олгуулж улсад хохирол учруулсан гэх хэрэг багтаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

 

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ