alim.mn | 2024.12.21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж байна.

Энэ өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд голт бор, тэхийн шээг, гүйлс, буйлс, шар хуайс, улиас, хайлаас зэрэг 10 төрлийн 10 мянган модыг суулгац хэлбэрээр тарих юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын мод тарилтын нээлтэд оролцож, залуустай хамт “Хосуудын төгөл”-д мод тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлснээс хойш төр, хувийн хэвшил, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, ард иргэд идэвхтэй хамтран ажиллаж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлээ.

Цаашид зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломж бүрдэхийг хэллээ. Мөн ойн салбар бэхжин, олон мянган ажлын байр бий болж, хүнсний хангамж сайжрахын хэрээр иргэдийн амьжиргаа ч дээшилнэ гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэв.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ энэ онд гурав ба түүнээс дээш жил бойжуулж ургуулсан суулгацаар цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр 20 мянга, мөчрөөр бэлдсэн тарьцаар Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн 100 мянга, нийт 120 мянган мод тарих юм. Мөн дөрөв болон 10 га талбайд мод үржүүлгийн газар шинээр байгуулж байна.

“Бид тарьсан модныхоо ургалтад 100 хувийн баталгаа өгнө. Өнөөдрийн байдлаар 32 төрлийн 150 мянга гаруй мод тарьсан нь 98 хувийн ургалттай байна. Энэ нь жилийн дөрвөн улирлын турш усалж, өвчин, хортонтой тэмцэн, арчилж торддогтой холбоотой” гэж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айл өрх бүр хашаандаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшлийн газартаа мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл, тухтай орчинд амьдарч ажиллахыг уриаллаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ