Улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгоор Даян дэлхийн Эв найрамдлын гүйлтийг үндэслэгч Шри Чинмойн галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” өнөөдөр манай улсад эхэлж байна.
Энэ удаагийн гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцож байна.
“Эвийн өргөө-Энхийн гүйлт”-ийн нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолд ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Бурхан шашин, соёл судлалын хүрээлэнгийн тэргүүн Г.Мягмарсүрэн нар оролцов.
Тус арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр нээж, хэлсэн үгэндээ “Энэхүү гүйлтэд оролцсоноор өөрт байгаа нөөц, боломж, чадвараа нээн илрүүлж улмаар эрч хүчтэй, эрүүл чийрэг байх, гүйлтийг амьдралынхаа хэвшил болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, баяр баясгалан, хүсэл тэмүүллээ олох юм” гэв.
“Эвийн өргөө-Энхийн гүйлт” манай орны 21 аймаг болон 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7,250 км замыг туулах юм байна. Гүйгчид галт бамбарыг буухиалахдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочилж, “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах ач холбогдолтой. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд дэлхийн 160 гаруй орноор аялжээ.
Галт бамбарыг Сүхбаатар дүүргийн гүйгчид хүлээн авч, улмаар Хан-Уул дүүрэгт шилжүүлэх бөгөөд цааш Төв аймаг буухиалах юм байна. Бамбарыг буухиалах аялал 54 хоногт өрнөж, долдугаар сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд бариална гэв.