Дуучин Марк Энтони, "Ертөнцийн мисс" тэмцээний оролцогч, загвар өмсөгч Надиа Феррейра нар үерхэж байгаа. Тэд харилцаагаа албан ёсоор инстаграмд зарлаад гурван сар өнгөрсөн. Тэдний харилцаа шат ахиж, сүй тавьжээ.
Өдгөө 53 настай Марк, 23 настай Надиа нар Флорида мужийн Майами дахь "Sexy Fish" ресторанд болсон үдэшлэгийн үеэр сүй тавьсан тухайгаа зарласан аж. Загвар өмсөгч бүсгүй инстаграм хуудаснаа очир эрдэнийн шигтгээтэй сүйн бөгжний зургаа оруулжээ. "Sexy Fish" дээрх үдэшлэгийг загвар өмсөгч бүсгүйн 23 насны төрсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан байна. Дуучин Марк Энтони залуухан бүсгүйтэй учрахаас өмнө гурван удаа гэрлэж байжээ. Тэрбээр 2000 онд дэлхийн мисс Даянара Торрестай, Кристиан, Райан гэх хоёр хүүтэй болсон. Удалгүй салж, 2003 оноос дуучин Женнифер Лопезтэй болзож, 2004 оны долдугаар сард гэрлэн, ихэр хүүхэдтэй болсон билээ.
Тэд 2011 онд салж байгаагаа зарласан, ихэр хүүхдийнхээ сайн эцэг эх хэвээрээ байгаа. Дараа нь Энтони 2014 онд загвар өмсөгч Шэннон Де Лиматай гэрлэсэн. Гэвч жилийн дараа салж, 2017 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.