Замын түгжрэл дунд машиндаа лууван арилгаж хоол хийх шахсан “Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Г.Гангамөрөн түгжрээнд хийцгүйрч суухдаа нэрийн хуудас хэвлэсэн байж магадгүй байна. Тус төвийн ажилтнуудад нийтдээ 5200 ширхэг нэрийн хуудас тараагджээ. Албаных нь веб сайтад дарга хатагтайг оруулаад 12 хүний зураг байх агаад нэг ажилтанд 433 ширхэг оногдож байна. Өдөр бүр тараасан ч бүтэн жилдээ барагдахгүй олон нэрийн хуудас хэвлүүлэн гурван сая гаруй төгрөг үрж байгаа даргад хэмнэлтийн тухай ойлголт огтхон ч алга аж. Бас бийлэгжүү загнах дуртай гэнэ. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөгөөн гэгчийг хийгээд дунд нь 34,2 сая төгрөгийн гарын бэлэг цацжээ. Бэлэг тараагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй нь ойлгомжтой. Энэ жил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эрэгтэйчүүдийн зөвлөгөөн гэж л битгий хийгээсэй билээ... Дээр нь бичил бизнес эрхлэгчдийг чадавхжуулах цахим болон танхимын сургалт гэгчийг хийгээд баахан бантагнуулсан аж. “Мерит медиа” компанид 7,6 сая, “Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн”-д 9,7 сая, “Эм Ай СиЖи” компанид 14,8 сая, “Бодит хүч” компанид бүр 16,6 сая төгрөг гээд баахан компаниудад гэрээт хугацаанаас 2-7 сарын өмнө төлбөрийн 80-90 хувийг нь урьдчилан өгчээ. Үүнд нийтдээ 66,1 сая төгрөгийг зарцуулагдсан. Гэсэн ч төсвийн энэ их хөрөнгөөс үр ашиг гарсангүй. Цахимаар зохион байгуулсан гэх сургалтанд хэдэн хүн оролцсон нь тодорхойгүй, сургалт явагдсаныг батлах гэрэл зураг, бичлэг ч байгаагүй гэнэ. Зарим сургалт нь гэрээт хугацаанаас 1-2 сарын өмнө явагдаад дуусчихсан болж таарчээ. Оролцсон хүмүүс нь сертификат авч чадалгүй өнгөрчээ. Хичнээн мундаг эмэгтэй ч замын түгжрэлд машин дотор хоол хийж чадахгүй нь ойлгомжтой. Түүний нэгэн адил Г.Гангамөрөн хатагтай төсвийг хэмнэх хүсэлгүй нь бас л тодорхой болжээ.