Засгийн газраас зарласан хэмнэлтийн бодлого хөдөө орон нутагт хэтрэлтийн ажиллагаа болон хувирчээ. Аймгийн дарга нар нутгийн удирдлагын ордонгоо “ордон” нэрэнд нь тааруулан гял цал болгохын тулд олон зуун сая төгрөг зарцуулахаар зэхэж байна. Энэ удаад Сэлэнгэ аймгийн ордонд ийм сайхан “аз завшаан” тохиожээ. Нутгийн удирдлагын ордонгоо “ордон” шиг болгохын тулд “гадна фасад дотоод их засвар” нэрээр 350 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлагджээ. Зургаас харахад дарга нарын ордон хэсэгтээ л засвар хийх шаардлагагүй гэмээр харш сүндэрлэх аж. Гэсэн ч Засаг дарга Н.Лхагвадорж нарт нурж унах дөхсөн хариугүй муу шавар тагз мэт харагддаг бололтой. Ордонгоо гял цал болгож болох ч засварын ажлыг хямралын үед хэсэгтээ хойш тавьж болох л байсан. Даан ч тийм хүсэл Сэлэнгийн дарга нарт алга. Хөдөө орон нутагт 350 сая төгрөг маш их мөнгө. Энэ их хөрөнгийг ядахдаа ЖДҮ эрхлэгчидээ дэмжихэд зарцуулсан бол сэлэнгэчүүдэд хамаагүй ашигтай тусах байсан. Харамсалтай нь манай дарга нарын ажлаараа бус унадаг унаа, залардаг ордонгоороо өөрсдийгөө чимэх зуршил огт арилахгүй юм.