Нийслэлийн ардчилсан намаас "Монголоо Белариус Болгохгүй!" цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр "Босоо Хөх Монгол" бүлгэмийн зарим гишүүд Д.Сосорбарам руу гурил цацсан. Улмаар Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн бодисыг гурил мөн эсэх асуудлаар шалгаж байгаа бөгөөд Д.Сосорбарам руу цацсан нунтаг цагаан зүйл нь "гурил" биш "шавжны хор" байж болзошгүй байгаа талаар бид мэдээлж байсан.
Харин уг мэдээллийн хариуд "Босоо Хөх Монгол" бүлгэмийн гишүүн Х.Бээжин "Тэр гурилыг эхнэр маань бэлдэж өгсөн, Алтан тариан гурил байсан, хүний эрх, эрх чөлөөгөө эдэлсэн" гэж мэдээлсэн. Мөн үүний дараа хэвлэлийн хурал хийж "Д.Сосорбарамыг дахин жагсаал хийвэл ташуурдана. Эхний удаа гурилтай очсон бол дараагийн удаа ташууртай очно. Орос Монголын зуун жил гар барьсан харилцааг хэзээ ч таслуулахгүйн төлөө цаашдаа ч тэмцэх тул албан ёсны бүлгэм байгуулж байна" гэсэн юм.
Тэгвэл түүний эл үйлдэл хүчирхийллийн шинжтэй байсан учир цагдаагийн байгууллагаас сануулга өгч, шалгалтын үйл явцад саад учруулбал, хуулийн хариуцлага хүлээлгэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.