Чингис хаан музейн лого нь Их Монгол Улсын Их хааны тамганы дардас байх юм. Чингис хааны зарлигаар бүтээгдсэн уг тамга нь Монголын Их хааны эрх мэдэл, захирах эрх зүйн хэм хэмжээг нийтэд тунхаглан зарлаж, баталгаажуулсан түүхэн баримт төдийгүй монгол хаадын тамганы дардасны хамгийн эртний дурсгал болон үлджээ.
...Ромын пап IV Иннокентийн элч Плано Карпини 1246 онд Их Монгол улсын их хаан Гүюгт бараалхан пап ламын захидлыг дамжуулжээ. Гүюг хаан хариу захидлыг Монгол, латин, саррацин (перс) хэлээр бичиж илгээсэн бөгөөд уг захидал дээр Монголын их хааны тамгыг хоёр удаа дарсан байна.
1920 онд түүхч Кирилл Королевский Ватиканы нууц архивт судалгаа хийж байхдаа энэхүү захидлын перс хэлээрх бичвэрийг олж илрүүлсэн бол 1923 онд Францын монголч эрдэмтэн Поль Пеллио тамгын бичгийг уншиж олон нийтэд толилуулжээ.