Их хотын залуус та бүхнийг долоо хоногийн сүүлээр Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт тухлан саатаж, "Хүрээ үдэш"-ийн донж, янзыг сонжин, яруу найраг, дуу, хөгжим сонордон, гэгээн уянгаар сэтгэлээ хөглөөрэй хэмээн урьж байна.
Уран бүтээлийн "Цэгц аравт" нэгдлээс санаачлан яруу найргийн уншлага, хотын дуу, хөгжим зэрэг урлаг, соёлын чөлөөт үзүүлбэр бүхий их хотын үдшийн чөлөөт хөтөлбөрийг ирэх Баасан, Бямба, Ням гаригт буюу тавдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. "Хүрээ үдэш-City night" хэмээн нэрлэсэн энэхүү гурван үдшийн чөлөөт хөтөлбөрт үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж, шүлгээ уншихаас гадна Улсын филармонийн "Квартет" хамтлаг, хийл, саксафон болон гитарын гоцлол хөг нэмж, дуучин Б.Хонгор, Н.Тамир нар ая дуугаа өргөх юм байна.
Мөн монгол уран бичлэгээр хүссэн үгээ бичүүлж авах, таталбар хөргөө зуруулах, шүтэн биширдэг, хайрлан хүндэлдэг найрагчидтайгаа гэрэл зураг авахуулах боломжтойгоос гадна ном, пянз сонирхогчид үзэсгэлэн худалдаа, солилцоо зохион байгуулах аж. Нийслэл хотын залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, дуу, хөгжим, яруу найраг сонсч, урлагийн мэдрэмж, таашаал авах, хотын соёлыг бие биедээ түгээх, сонирхол, хоббигоороо нэгдэх зэрэг олон талын үр нөлөө, зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор "Цэгц аравт" уран бүтээлийн нэгдлээс энэхүү "Хүрээ үдэш-City night" арга хэмжээг санаачлан зохион байгуулж буй юм байна.