Монгол Улсын хэмжээнд 2022 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 70 тохиолдол бүртгэгдээд байна. Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд ойн түймрийн нэг дуудлагатай байна.
Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 122км-т/ аймгийн төвөөс зүүн хойд зүгт 317км-т Хилийн тэмдгийн чиглэлд ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 25-ны 21:40 цагт хүлээн авчээ.
Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангид шөнийн 01:00 цагт очсон байна.
Өчигдөр 07:36 цагт Улаанбаатараас ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ЕС-145 загварын нисдэг тэрэг Үндэсний аврах бригадын алба хаагчдыг аван түймрийн голомт руу нисэж, Минжийн заставт буулгасан бол хоёр дахь бүлгийг Мөнгөнморьт сумаас аван Минжийн заставт хүргэжээ.
Түймрийг бүтэн тойрч тандалтын нислэг үйлдсэн бөгөөд хилийн тэмдэгтийн чиглэлд нутгийн гүн рүү түймрийн өргөн 1 км, урт 700 м орчим, хилийн тэмдэгтээс 500 орчим метрийн зайтай бөгөөд ОХУ талдаа шаталт их явагдаж байна. Түймрийн зүүн урд болон урд хэсэгт уугьж байгаа бол баруун хэсгээр намагт тулж унтарсан. Нэмэлт хүч шаардлагагүй гэж мэдэгджээ.
Алба хаагчид Минжийн заставаас мориор гол гарч, түймрийн голомт руу 1.8 километр явган явж очих юм байна.