alim.mn | 2025.06.09
Д.Баттулга, Э.Бат-Үүлийн шийдвэрээр тараасан 14 тэрбум төгрөгийн ЖДҮ-гийн зээл ХЗХ-гоор дамжин "дашин шог" болжээ

УИХ-ын гишүүд холбогдсон улсын ЖДҮ-гийн хажууд хотын дарга нарын тараасан бас нэгэн “бичил” ЖДҮ байгаа аж.  Энэ зээлийг бүр 2014 оноос өгсөн байна. Тухайн үед НИТХ-ын “Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай” 17/16 дугаар тогтоол гарчээ. Тогтоолын 1-р хавсралтаар “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” гэгчийг баталсан. Хоёрдугаар хавсралтаар нь “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” гэдгийг байгуулж улмаар 150 хороонд 3459 төсөл хэрэгжүүлэхээр болжээ.  Санд нийтдээ 14,3 тэрбум төгрөг хуримтлуулсаныг банкаар бус харин 123 Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан санхүүжилтийг олгосон нь гайхалтай. Ингээд л дашин шог болох замдаа оржээ. Өнгөрсөн онын байдлаар буюу бүхэл бүтэн долоон жилийн дараагаар ХЗХ-ны зээлийн эргэн төлөлт 52-хон хувьтай сууж байна. Зээлийн авлагын үлдэгдэл 7,4 тэрбум төгрөг гэж гарчээ. Энэ “мундаг” ажлыг Д.Баттулга НИТХ-ын дарга, Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хийсэн. Хамтран зүтгэсэн нь тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны дарга байсан З.Нарантуяа аж.  Гурван даргын шийдвэрээр “хөтөлбөрийн шаардлага хангасан” гэх ХЗХ-нд сангаас жилийн нэг хувийн хүүтэй зээл өгчээ. Сан цаашаа бичил бизнес эрхлэгчдэд бус харин өөрийн гишүүддээ сарын 1,2 хувийн хүүтэй зээлүүлсэн байна. Банкаар бус ХЗХ-гоор дамжуулан өгсөнөө Э.Бат-Үүл “барьцаа хөрөнгө дутмаг” иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж байсан.  Тэр зорилго нь ХЗХ-той хамтарсанаар л салхинд хийссэн гэхэд болно. Өдгөө тараасан 14 тэрбум төгрөгийг олж ирэх үүрэг хүлээсэн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хэдэн өмгөөлөлийн товчоотой гэрээ байгуулж баахан ХЗХ-г шүүхэд өгсөнөөс цаашгүй сууна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ