alim.mn | 2024.12.22
ХҮРЭН БААВГАЙН ГУРВАН БАМБАРУУШ ЭХ БАЙГАЛЬДАА БУЦАН ОЧЛОО
Өнгөрсөн намар Ховд аймаг болон Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумдын нутгаас олдсон хүрэн баавгайн гурван бамбаруушийг эх байгальд нь буцаан тавих ажиллагааг өнөөдөр амжилттай зохион байгуулав. Уг баавгайн бамбаруушуудыг өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд БОАЖЯ-ны харьяа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид асран тэжээж, өдийг хүрчээ.
 Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгтэйгээр эдгээр баавгайн бамбаруушуудыг нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаасан юм. Уг ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны албаны төлөөлөл оролцож, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “Animals Australia“ байгууллагын эрдэмтэд болон Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад талархал илэрхийллээ.
 
Хүрэн баавгай Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархжээ. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.
2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумдын 5477.6 км2 нутагт 132±7 толгой хүрэн баавгай 1000 га-д 0.8 бодгаль ногдох нягтшилтай байна.
Мөн хүрэн баавгайг хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэгдсэн. Тархац нутгийн 21 орчим хувь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологи экологи онцлогийг тусгайлан судалж, хамгаалах арга боловсруулах, байршил нутаг дахь хүний дам нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах, амьдрах орчны доройтлоос сэргийлэх, тархац нутгийг хамгаалалтад авах, зах зээл дээрх баавгайн бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох, ган, зудын гамшигт нэрвэгдсэн үед нэмэлт тэжээл тавьж өгөх, удмын санг хадгалах зэргээр хамгаалах арга хэмжээг авдаг байна.
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ