Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эзэмшдэг Английн хөл бөмбөгийн Челси багийг худалдах наймаа өчигдөр өндөрлөжээ. Английн алдарт хөлбөмбөгийн клубыг Америкийн тэрбумтнууд авчээ. Тодруулбал, Лос-Анжелес "Дожерс" бэйсболын клубын хувийг эзэмшдэг Тодд Боэли тэргүүтэй АНУ-ын консорциум "Челси" клубыг $3.2 тэрбумаар худалдаж авсан байна. Энэ нь түүхэнд спортын баг хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болж байгаа юм.
"Челси" клубийг 19 жилийн турш эзэмшиж байсан Оросын тэрбумтан Абрамович энэ оны гуравдугаар сард Украины хямралтай холбоотой Их Британийн засгийн газраас зарласан эдийн засгийн хоригт багтсан тул эзэмшлээ зарахаас өөр аргагүй болсон юм.
Абрамовичийн хөрөнгийг битүүмжилсний дараа Челси клуб Их Британийн засгийн газрын удирдлагад шилжиж байжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр харилцаатай гэсэн үндэслэлээр Абрамович хоригт багтсан юм.
Челси клубыг худалдаж авах өрсөлдөөнд 250 орчим баячууд оролцсон байна. Харамсалтай нь энэ наймаанаас ашиг олох Абрамовичийн боломжийг Их Британийн засгийн газар хаах зохицуулалт хийсэн аж.
Боэлийн консорциум Челсигийн эрэгтэй, эмэгтэй багууд, дэд бүтцэд нэмж $2.2 тэрбумын хөрөнгө оруулахаар амласан байна. Роман Абрамовичийн эзэмшлийн он жилүүдэд Челсигийн эрэгтэй хөл бөмбөгийн баг нийт 21 цом хүртэж байсан юм. Үүнд 2012, 2021 онуудын Аваргуудын Лигийн цом багтаж байна.