Монголын Ипотекийн Корпорацтай холбоотой зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгж байгаа эсэхийг тогтоох асуудлыг ШӨХТГ хэлэлцэж, тус байгууллагыг зах зээлд ноёлсон буюу давамгай байдалтай байна хэмээх тогтоолыг гаргажээ.
Гарсан шийдвэртэй холбоотой асуудлаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээлэл өглөө. Тэрбээр "МИК-ийг давамгай байдалтай ААН байна хэмээн үзсэн тогтоолыг сая болсон ээлжит хуралдаанаар бид гаргалаа. Ингэснээр МИК нь өрсөлдөөний хориг хязгаарлалтыг мөрдөж ажиллана. Өөрөөр хэлбэл, зохиомлоор хомсдол үүсгэх, бусдыг зах зээлд ороход саад учруулах, өрсөлдөөнд хязгаарлалт тогтоох үйлдэлд нь хориг тавьж байна гэж үзсэн.
МИК-ийн бүтцэд өөрчлөлт орохгүй зөвхөн өрсөлдөөнийг дэмжиж ажиллана гэсэн үг. Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гарч байсан. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэж холбогдох газруудад ипотекийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зорилтот иргэдэд зориулсан бодлого, хүүг тодорхойлох зөвлөмжийг хүргүүлнэ. Хэрэв дахин ийм байдлыг үргэлжлүүлбэл тухайн байгууллагыг хуваах, бүтцийг өөрчлөх арга хэмжээг шүүхийн эрх мэдлийн хүрээн авна.
Зүй ёсны монопол гэж бий. Энэ нь тухайн зах зээлд нэг л компани байхад тэрхүү үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг зүй ёсных гэж үздэг. Гэтэл МИК зах зээлд 100 хувь давамгайлж үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн учир МИК-ийн захиралтай уулзаж тогтоолыг танилцуулан, ноёлох үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг мэдэгдлээ" гэлээ.