УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Эдгээр хуульд оруулсан заалтууд маргаан дагуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлгээс таван хоногийн завсарлага авсан билээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдгээр хуулийн хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татахаа мэдэгдсэн. Уг хуулийн өөрчлөлтөд Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийн томилгоонд тавигдах шаардлагыг хасах асуудлыг тусгасан байсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатын байр суурийг хүргэж байна.
Тэрээр "Прокурорын тухай хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийг ухралт гэж үзэж байна. Мөн прокурорын байгууллагад тодорхой хугацаанд ажилласан туршлагатай хүнийг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилдог байсныг болиулж, Монгол Улсын иргэнийг томилж болно гэдэг өөрчлөлт оруулах гэж байна. Ийм байж болохгүй. Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс харахад Ц.Нямдорж сайд очих юм байна л даа. Энэ хүн эхээс төрөхдөө л Төрийн ордон, хууль зүйтэй холбоотой төрчихсөн юм хүн юм уу. Миний мэдэхээр энэ хүн одоо 67 настай. Одоо энэ балай юмаа болих хэрэгтэй.
Манайхны үед Д.Дорлигжав гэдэг улстөрч иргэнийг Улсын ерөнхий прокуророор томилж байсан. Танайхан Ц.Нямдоржийг томилох нь. Д.Дорлигжав, Ц.Нямдорж хоёр бол нэг уулын наана, цаана байдаг ах дүү, хамаатан садангууд. Энэ хуульдаа тэдгээр хүмүүсээс Улсын ерөнхий прокурорыг томилно гээд оруулчихвал яасан юм" гэлээ.