НАМЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ хоёр хэвлэлээр дайтсан. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ Харвардад сурч байхдаа элэг нэгтнээ хуурч “Tysons Collegе”-д хүмүүсийг суралцуулах нэрээр намын даргынхаа нэр дээр хуурамч албан бичиг хийж, зөвшөөрөл авч түүнийхээ хөлсөд 8200 доллар төлчихөөд мөнгөө буцаахаар заналхийлж шүүх цагдаадаа хүрч, түүгээр ч барахгүй тус компаний захирлын гарыг үсэг бланкийг дууриан хуурамч албан бичиг хийж АНУ-аас виз хүссэн нь илчлэгдсэн гэх мэтээр бичигдэх болсон юм. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ “Голден бриж” сургалтын төвөөр дамжуулан төрийн албан хаагчдыг /Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам/ англи хэлний сургалтанд хамруулах нэрээр төсвөөс 2,5 тэрбум төгрөг гаргуулсан хэрэг задарсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг олон арван хэлний төвөөс онцолж яагаад тус төвийг сонгож ийм их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон нь тус төвийн ард “Харвард” Оюун-Эрдэнэ байдагтай холбоотой. “Голден бриж” сургалтын төвийн эзэн П.Мэндбаяр, Л.Оюун-Эрдэнийн багын найз гэгддэг. Түүний эхнэр Б.Туул нь тус төвийн захирлаар ажилладаг. Л.Оюун-Эрдэнэ, П.Мэндбаяр хоёр хамтран “Бест дрийлэнг” ХК байгуулж багагүй хэмжээний хувь эзэмшдэг.
НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн суудлыг Н.Номтойбаяртай булаацахдаа ахаараа “Ардын хүү давж болдоггүй наадам уу” хэмээн киноны хэсгийг өөртөө зориулан дэглэж, PR хийн олон нийтээр өрөвдүүлэх арга хайж байлаа. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр ардын хүү юу, арын хаалганы Дэнзэн үү? Гэдгийг хүмүүс мэднэ ээ.
Эрх мэдлийг гартаа атгавал эд хөрөнгийг олж болдог ганц жишээ төрийн албан хаагчдыг сургах нэрээр төсвөөс гаргуулсан “Голден Бриж”-ийн гэх 2,5 тэрбум төгрөг бэлхнээ харуулж байна. Үнэндээ 2,5 тэрбум төгрөгөөр сурсан тэр төрийн албан хаагчид хаана байна гэхэд энд байна гэж бардам гаргах баримт үгүй л болов уу.
Ийнхүү НАМЗХ-ны ерөнхийлөгч байхдаа төсвөөс 2,5 тэрбум төгрөг гаргуулж чадсан Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болоод мөнгөөр “наадаж” байна. Хэнтийн Батноров сумын нутагт Андлалын өргөө гээд Хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл байна. Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй байх бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх учиртай гэнэ. уг төслийг санаачлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ. Энэ өргөө нь төсвөөс 2 тэрбум, олон нийтээс 3 тэрбумын хандив цуглуулж босгох нийт таван тэрбумын өртөгтэй гэнэ. Андлалын өргөө гэж хэрсэн бух шиг хоёр эрийн дүрс байна. Ингэж төсвийн мөнгийг үрж болохгүй.
Мөн Хэнтий аймгийн Батноров сумын харъяа Бэрх тосгонд төсвийн хөрөнгө оруулалтаар 27,8 тэрбум төгрөг тавьжээ. Хэнтий Бэрх тосгон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн өсөж төрсөн нутаг гэдгийг хүмүүс андахгүй. Бэрх тосгон ердөө 2000 мянган хүн амтай. Хүн төрсөн нутагтаа хайртай байж болно, гэхдээ төсвийн мөнгөөр ингэж тоглож болохгүй ээ. Залуу хүн жалга довын үзэл гаргаж, 2000 хүнтэй тосгонд 27,8 тэрбум төгрөг сул цацаж байхын оронд Монголчуудын амьдралыг том зургаар нь харж, нийт иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн бол цаашдын карьерт нь хэрэгтэй байсан даа. Залуу хүний замын хүзүү урт. Гэвч Л.Оюун-Эрдэнэ улсын эрх ашгийг боддог том тоглогч биш, Бэрх тосгоныг илүүд үзсэн жалгын хэмжээний улстөрч гэдгээ энэ үйлдлээрээ харууллаа.