Сумын Соёлын төв гэхэд чинээлэг айлын хауснаас жижигхэн гэсэн нь үнэн байж, хараад ичив
Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ цахим хуудастаа ийн бичжээ.
ДАХИН НЭГЭН ЗҮЙЛИЙГ БИЧЬЕ.
Төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг бодитоор харуулсан хэд хэдэн жишээ манай аймагт байна. Энэ тухай дурдахгүй бол болохгүй нь.
Баяннуур суманд Халуун усны шинэ барилга баригдахаар сууриа цутгажээ. Муурын байшин мэт тэр жижигхэн байрны хаана нь хүн хувцасаа сольж, коридорт нь яаж зөрөх юм бүү мэд. Шүршүүрийнх нь өрөөнд жин ихтэй хүн бол биеэ угааж багтахааргүй л харагдана лээ. Хайран 130 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гэж бодогдлоо. Сумын Засаг дарга нь “үгээ хэлсэн л” хүн сууна. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн олигтойхон юм эхлүүлэх хэрэгтэй.
Мөн адил Бугат суманд ийм зүйл давтагдаж байна. 2020 онд Бугат суманд ажиллахдаа өнөө мөдгүй болж хуучирсан модон соёлын төвийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн барихаар тохирч 2021 оны санхүүжилтийг нь тусгасан юм. Энэ удаа барилгын явцтай нь танилцлаа. Хараад үнэхээр ичив. Бүхэл бүтэн сумын Соёлын төв гэхэд одоогийн чинээлэг айлуудын хауснаас жижигхэн гэж яригдсан нь үнэн байж. Бугат сумын Засаг дарга Ууганбаяр аа!!! Та номын сан, техникийн өрөө, тайз, бүжгийн заалыг яаж төлөвлөж ийм зураг төсөв хийлгэв гэдгийг миний бие ойлгосонгүй. Аливаа барилгын зурагт зайлшгүй тусгах стандарт хэмжээ гэж бий. Төсвийг чинь шийдээд өглөө, сэтгэл гаргаад сайхан юм хийлгэчихэж болно доо! Харж, хяна гэж танай байгууллага ажилладаг санагдах юм. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ганбаатар аа! Ийм Соёлын төв барьснаас эртхэн дээр зогсоож зураг төсөвт нь шинэчлэл хийсэн нь дээр шүү. Ингэж сэтгэлгүй ажиллаж болохгүй ээ. Иргэдээсээ ичих хэрэгтэй.
Гурванбулагт ажиллахдаа сайхан цэцэрлэг бариулсандаа гээд орлоо. Өнгөрсөн өвөл хүүхэд аваагүй гэнэ. Учир нь цэв мөс. Хаалга нь хуруу зайтай, цонхоор нь жавар битгий хэл шороо орж байна. Коридор нь пааргүй. Нэмж тавиад ч халаагүй гэнэ. Халаглах ч хайран. Хүний нялх хүүхдүүд сурч, хүмүүжих орчиныг ийм сэтгэлгүй, ичих нүүргүй барьсан тэр компани дараагийн барилгуудаа бариад эхэлж. Ийм барилгыг хүлээж авсан улсын комисс нь хэн хэн байсныг олж, хуулийн дагуу хариуцлага тооцуулна. Зураг төсөв, гүйцэтгэлд нь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хяналт тавьсан уу. Стандарт, дүрэм журам нь хаачив? Ямар ашиг сонирхол үүссэн болоод ийм илт чанаргүй барилгыг ашиглалтад хүлээж авав?! Эцэст нь төсвийн мөнгө үргүй зардал болж, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байна.
УИХ-ын гишүүд зураг төсвийг нь хянадаггүй шүү дээ. Хянах, зөвлөх ёстой мэргэжлийн байгууллагууд бий. Ажлаа хий. Та бүхний ирүүлсэн санхүүжилтийг төсөвт суулгаад өглөө. Аймаг, сум, агентлаг нь анхнаас нь зураг төсвийг нь тодорхой хийлгээд гүйцэтгэлд нь хяналтаа сайн тавьчихмаар байна.
Илүү юм хүсээд байгаа юм биш, үндсэн ажлаа хариуцлагатай, сэтгэлтэй хийж, алдаагаа нэн даруй засцгаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ