36 настай, ноос ноолуурын технологич мэргэжилтэй гэх С.С нь өөрийгөө “УИХ-ын гишүүн Батзандангийн туслах” хэмээн итгүүлж “Солонгосын виз найдвартай гаргаж өгнө” хэмээн нийтдээ 40 гаруй сая төгрөгийн залилан хийжээ. Хохирогч нар нь бараг 15 хүн агаад тэд дунджаар 3,5-9 сая төгрөгөө залилуулсан байна. Гайхалтай нь хохирогчид залилагч этгээдийг “Батзандан гишүүний туслах” гэж өөрийгөө танилцуулахад ньь шууд итгэж байжээ. Мөн залилагч нь зарим эргэлзсэн нэгийг нь “би өөрөө Солонгосд сурч байсан”, “би Цэнтрал тауэрд офислодог” гэх зэргээр эргэлзээг нь “тайлжээ”. Хохирогчидтой голдуу Цэнтрал тауэрын дэргэд, кофе-шоп зэрэгт уулзаж мөнгөө авдаг. “Батзандан гишүүний туслах”-д залилуулагсад ажил амьдрлаараа маш их хохирчээ. Хохирогч Х.Ү нь “Нөхөр бид 2 хамт гарна гэж байсан. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд Солонгос улс руу гаргаж өгнө гэсэн. Хамгийн анх 1 хүний 800.000 төгрөг гээд 1.600.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш ар араас нь шилжүүлсээр байгаад 3.590.000 төгрөг болсон. “Виз чинь гарчихсан” гээд фэйсбүүкээр визний зураг явуулсан. Тэгээд “09 дүгээр сарын 25-ны өдөр явна шүү” гэж хэлсэн. Би “ажлаасаа гарах уу” гэж асуусан чинь “гараа гар, миний дүү виз чинь гарчихсан байгаа” гэсэн. Худлаа ярисаар байгаад намайг ажлаас гаргасан” гэжээ. Хохирогч Д.Э нь ““Би С-д 2019 оны 05 дугаар сарын 31-нд Солонгос улсын виз гаргуулна гээд 750.000 төгрөгөөс эхэлж шилжүүлсээр байгаад 2.300.000 төгрөг оөгсөн. Наадмын үеэр “виз чинь гарчихлаа” гээд зургийг нь явуулсан. Тэгэхээр нь “Виз гарчихсан бол би ажлаа хүлээлгэж өглөө. Байр сууцаа хүлээлгэж өглөө” гэж хэлсэн чинь “Болно. Виз чинь гарчихсан. Чи өөрөө ажлаас гарах тэр алхмуудаа зоригтой хий, ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Манай дүү М-г “оюутны визээр гаргаж өгнө” гэж хэлсэн. “Та 2-ын тийзийг 9 сарын эхээр бичүүлсэн” гэж хэлсэн. Дүү бид 2-ын хохирол нийлээд 13.000.000 төгрөг орчим байгаа. Би ажлаасаа гарсан. Би эцэг эхийнхээ арав гаруй сая төгрөгөөр тоглосон. Одоо аав, ээж дээрээ очиж чадахгүй, Солонгос улсад сурч байгаа нэртэй нуугдаад байж байна” гэжээ.