Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.06.08/ хэлэлцүүлсэн асуудлыг танилцуулж байна.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах талаар саналуудыг хэлэлцүүллээ. Ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд хүнсний үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл, иргэдтэй уулзахаас гадна, үйлдвэрлэл явуулж буй бодит нөхцөл байдалтай танилцсан. Урт хугацаанд хяналт сул байсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг цаашид цэгцэлж, нарийн зохицуулалттай болгоно. Бүх түвшинд буюу мал төхөөрөхөөс эхлээд үйлдвэрлэлийн шат хүртэлх дамжлагын стандартыг шинэчлэн баталлаа. Энэ зөвхөн Эмээлтийн үйлдвэрүүдэд хамаатай асуудал биш. Дэнжийн мянга, бусад зах, сургууль, цэцэрлэг зэрэгт хэрэглэх буй маханд ч хяналт тавина.
Дулааны аргаар мах бэлтгэх, экспортлох үйл ажиллагаа явуулж буй 31 аж ахуй нэгжийн 16 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа. Нийлүүлэлт, экспортын тухайд 2023 оны нэгдүгээр сар хүртэл зогсоож байна.
Мөн хүнсний хууль тогтоомжийн стандартыг хуульчлах зохицуулалтыг нэн даруй хийнэ. Гуравдугаарт, нийслэлд дулааны аргаар мах бэлтгэж буй үйлдвэрүүдийг орон нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Тус ажлын хүрээнд ХХААХҮЯ болон Хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг өгсөн байгаа. Дараагийн асуудал бол хариуцлагын тухай.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчлэх, МХЕГ, НМХГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өгсөн.
Мэргэжилтнүүдээс гадна лабораторийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь бүх шатанд нэгдсэн шинэ стандартыг баталсан. Стандарт шаардлагыг хангаж ажилладаг аж ахуй нэгжүүд бий. Гэхдээ чадахгүй байгаа, хууль дүрэм зөрчиж байгаа компаниудыг олон нийтэд зарлаж, хаахаас өөр аргагүй. Мэргэжлийн байгууллага хяналт тавьж эрүүл ахуй, технологийн дамжлагад үндэслэж Засгийн газар шийдвэр гаргаж байгаа. Цаашид зөвхөн мах бус хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт тогтоож ажиллах болно.