Залилан мэхлэх гэмт хэргээс сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны эхний тавдугаар сард залилах гэмт хэрэг 5,523 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн таван сард нийт бүртгэгдсэн 16,850 гэмт хэргийн 32.8 хувийг дангаар эзэлж буй үзүүлэлт юм.
Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан энэ төрлийн гэмт хэргээс дурдвал:
- 2020-2022 оны хооронд барилгын компанийн захирал Б, гүйцэтгэх захирал С нар бүлэглэн барилгын компаниудад арматур нийлүүлж итгэл төрүүлэн бартерын гэрээ байгуулан баригдах барилгын борлуулж буй ханшнаас нь хямд худалдах тухай үл хөдлөх компаниар зар тавиулж, улмаар 28 иргэнд 1.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж залилжээ.
- Хуурамч зар сурталчилгаа ашиглаж, хил гаалиар бараа орж ирэх нь удаашралттай байгааг далимдуулж, 2021 онд тээвэр зуучлалын компани шинээр байгуулж, 10 орчим байгууллагаас 700 сая төгрөгийн хохирол учруулж залилсан байна.
- Цахим орчинд "Миний хүүхдэд туслаач" гэж тавьсан хандивын аяны зарыг ашиглаж, тухайн зургийн дансны оронд өөрийнхөө дансыг байршуулан тарааж, өдөрт 200,000 төгрөг, тав хоногт 1.8 сая төгрөг залилсан хэрэг бүртгэгджээ. Тухайн гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч, 18 настай хүү үйлдсэн нь тогтоогдсон байна. Хандивын аяны дагуу тус этгээдийн данс руу иргэд 5,000-50,000 төгрөг өдөрт шилжүүлдэг байсан нь шалгалтын явцад тодорхой болжээ.
Энэ мэт залилах гэмт хэрэгт иргэд, аж ахуйн нэгжүүд хохирох нь сүүлийн үед ихсэж байгаа тул аливаа эд хөрөнгө, бэлэн мөнгө бусад руу шилжүүлэх үедээ мэргэжлийн байгууллага, хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авч сайтар нягталж, тунгаахыг зөвлөж байна.
Эрүүгийн хуулийн 17.3-д:
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
- 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
- 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
- 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
- 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
- 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заасан байдаг.