Азийн хөгжлийн банкны 19 сая долларын хөрөнгө оруулалтаар Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогт томоохон цогцолбор барихаар болжээ. Энэ зөв бурууг цаг хугацаа л харуулна байх даа. Хэдэн жилийн өмнө Монгол хатдын цогцолбор Хэнтийд байгууллаа гэсэн, одоох хайхрах хүнгүй балгас болох шахаж байгаа.
Манайхан эртний түүхээрээ бахархаж, энэ цагт дуурсан бахархах зүйлгүй юм шиг аяглах болсон. Алунгоо эхийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд Алунгоо эхийн алдрыг тэмдэглэнэ гээд БОАЖЯ 10 сая төгрөгийг зүгээр агаарт хийсгэчихэж. Мөн БОАЖЯ “Их Монгол Улсын Эзэнт гүрэн” цогцолборын барилга Хэнтийн Биндэр суманд барихад 2 тэрбум, Хүлэгбаатар “Боорчи-Андлалын өргөө” цогцолборын барилга Хэнтийн Батноров суманд барихад зориулж 2 тэрбум зориулж байна. Аль эрт мянган жилийн тэртээ таалал болсон хүмүүсийг ясыг өндөлзүүлж, элдэв өргөө барих ямар хэрэгтэй юм бол. Харин одоо Мянганы суут хүн Чингис хаанд зориулж, өндөр хааны мэндэлсэн өлгий нутаг, Онон голын сав газарт буюу Дадал сумын Дэлүүн болдог овооны ойролцоох Бага Яргайт уулын энгэрт “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор баригдахаар болжээ. Төсөл 2019-2024 онд бүрэн хэрэгжиж дуусах бөгөөд Азийн хөгжлийн банкны 19 сая ам.доллар буюу 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах гэнэ. Гэвч энэхүү Чингис хааны цээж баримал хэлбэрийн томоохон барилгын зургийг харсан хүн бүр Чингис хаантай биш Д.Дагвадорж аваргатай адилхан болж гэж байна. Уг нь энэхүү цогцолбор Чингис хааны цээж баримал хэлбэрийн томоохон барилга байх бөгөөд дагалдуулан 230 автобус болон суудлын машины хүчин чадалтай авто зогсоол, Дадал сумын төвөөс цогцолбор хүртэл 2.6 км хатуу хучилттай зам, 3.5 км цахилгааны шугам, үзэсгэлэн ба уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдах хурлын танхим, утасгүй интернэт орчин, мэдээллийн төвүүд, ариун цэврийн эко байгууламж 30 гаруй, хог хаягдлын дахин боловсруулах төв, саарал ус цэвэршүүлэх байгууламж зэргийг барьж байгуулахаар зураг төслийн ажлууд хийгдэж байгаа гэнэ. Цогцолборт 25-30 хүний байнгын ажлын байр байхаас гадна Дадал суманд 9000 хүн ам суурьшиж, жилд хамгийн багадаа 90 мянган жуулчин ирж очих урсгал үүснэ хэмээн тооцоолжээ. Улаанбаатараас 300 мянган хүн аваачиж суурьшуулна гээд сураг алдарсан Майдар хот шиг сураг алдарчихгүй бол Өндөр хаан маань нэг сайхан цогцолбортой болох нь.