“Оймс” Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын дуулиан намжаагүй байхад бас нэгэн хэрэг Мэргэжлийн хяналтаас гарчээ. Энэ удаад зүүн хязгаарт Сүхбаатар аймагт гарсан агаад зодоон цохион болсон гэдгээрээ анхаарал татаж байна. Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан С.Сарантуяа, мөн газрын Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан Х.Энхтуяа нар нь бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ““Бичигт” боомтоор нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх журам”-ын хэрэгжилтийг хангуулж ажиллахдаа, тээврийн хэрэгслээс авах хураамжийн 9000 төгрөгийн тасалбарыг хуурамчаар үйлдэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын тэмдгийг дарж, уг тасалбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “Бичигт” боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн орлогын мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож улсад 107 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон. Бичигт боомтын ариутгагч Ц.О, Ж.О, Ц.О нар нь ариутгалын орлогоос М.Э, Б.Д, Б.Х, Э.Ху, М.Б, Д.Ж, Б.Л, Ч.Б, Х.У, Д.Ц, Г.О, Х.У, Х.М, М.Б, Т.А, н.Н, н.Б нарын 17 хүний дансанд 23 удаагийн гүйлгээгээр 24870000 төгрөг шилжүүлсэн, 3 удаагийн гүйлгээгээр 6000 юанийг 2267400 төгрөгөөр арилжаалж, бэлэн мөнгө болгосон, нийт 27137400 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байна. Шинжээчдийн дүгнэлтэд “Орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэх ёстой орлогоос дутагдуулсан 110968500 төгрөгөөс 86611660 төгрөгийг хувь хүний дансанд шилжүүлсэн баримт хэрэгт байна” гэж гарсан. Хоёр экс дарга хөрөнгө завшаагүй гэж мэдүүлжээ. Харин ариутгалын орлогоос ажилтнуудад 250 мянган төгрөгийн урамшуулал олгох, албаны өрөө тасалгааг тохижуулж, тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар зохион байгуулах, бүсийн тэмцээн, уралдаанд оролцох зардлыг санхүүжүүлэх зэргээр албаны үйл ажиллагаанд зарцуулсан гэнэ. Гэхдээ хуулийнхан хуурамч тасалбар үйлдэж, түүнийгээ ашиглан төрийн санд хохирол учруулсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад хоёр экс даргын албан өрөө болон гэрт нь үзлэг нэгжлэг хийжээ. Хуурамч тасалбарын хэрэгт зодооны хэрэг давхар явдаг. Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан Х.Энхтуяа нь 2018 оны 10-р сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигт боомт дээр Ц.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдаж байгаа. Зодуулсан хохирогч нь боомтын ариутгагч байж магадгүй байна. Ариутгагч нар нь хураасан мөнгөө хоёр даргадаа өгдөг байсан гэж мэдүүлжээ. С.Сарантуяа нь 2015 онд аймгийн МХГ-ын дарга болжээ. Мөн хоюулаа Сүхбаатар аймгийх гэнэ.