
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 2016 онд УИХ-д Говь-Алтай аймгаас сонгогдсон. Засагт ханы хөх эрчүүдийн үргэлжлэл болох энэ шар залуу түмнээ төлөөлж төр түшилцээд сайнаасаа илүү саар үг дуулж байна. Тэрбээр өөрийгөө сэм сэмхэн пиардахдаа “МАН-ын гарамгай хуульч залуу” гэдэг. Харамсалтай нь гарамгай хуульч залуу хөөн хэлэлцэх хугацаагаар олон авлигын гэмт хэрэгтэн, албан тушаалтныг ял завших боломж олгосон. Мөн АТГ-т баригдан сандрахдаа оймсондоо мөнгөө нуусан МХЕГ-ын хэлтсийн дарга Баярсайханы ард Раднаасэд бий гэлцдэг. Тэрбум төгрөг гэр, оймсондоо нуусан Баярсайхан “Аяад тэдэн төгрөг өгсөн” гэж байнга тэмдэглэдэг байсан. Тэр Аяа нь Ш.Раднаасэд гэнэ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Мал хамгаалах сан болон ЖДҮХС-гаас ах дүү, албан тушаалын сүлжээгээрээ дамжуулан 10.3 тэрбум зээлжээ.
УИХ-ын Раднаасэдийн хамаарал бүхий 22 компани бий гэж болно. Учир нь Раднаасэдийн төрсөн эгч нь Рагчиймаа. Тэрээр нөхөр Ганбат, хүү Батзаяагийн хамтаар 22 компани эзэмшдэг. Түүнээс хоёр нь Банк бус санхүүгийн байгууллага юм. Тухайлбал “Гэга” гэдэг компаниа 2015 оны тавдугаар сард байгуулсан. Уг компаниараа 2018 оны 10 дугаар сарын 9-нд ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авсан байна. ЖДҮХС-гаас авсан зээлээ “Химурга” ББСБ болон, “Нэгүн” ХЗХ-нд байршуулан өндөр хүүтэй зээл олгодог гэж алтайчууд хардан ярьж бичих болсон. Асуудал үүсч, хэвлэлийнхэн бичээд эхлэнгүүт “Гэга” компаниа 2020 оны Валентины өдөр Нэргүйн Энхманлай, Эрдэнэжаргалын Золжаргал, Даринчулууны Энхчимэг нарын нэр дээр шилжүүлсэн байна.
Раднаасэдийн авга эгч Цэрэнбат Хишигмаа гэдэг охинтой. Хишигмаагийн нөхрийг Дүгэржав гэдэг. Тэд Ганзориг, Болор-Эрдэнэ гэдэг хүүхэдтэй. Дүгэржавын хүү Ганзориг нь “Алимантөгс”, “Аравонна” компанийн эзэн. “Аравонна” компани Мал хамгаалах сангаас 2017 оны 11 дүгээр сард 5 тэрбумын зээлийг хүүгүй авч чаджээ.
Дүгэржавын Болор-Эрдэнэ нь “Гэрдсараа” компанийг 2012 оны 7 дугаар сарын 26-нд байгуулсан. Уг компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 1.6 тэрбум төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлжээ. Гэтэл энэ компаниа энэ оны 1 дүгээр сарын 31-нд Ножогийн Алдар гэдэг хүнд шилжүүлжээ.
Дүгэржавын Ганзоригийн эхнэр нь Мөнхбаатарын Нандинцэцэг. Эхнэрийнх нь төрсөн дүү Мөнхбаатарын Нямхүү нь “Селши үүр” компаниараа 2018 оны 6 дугаар сарын 29-нд ЖДҮХС-гаас 1.6 тэрбумын зээл авсан байдаг. Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн авга эгч Цэрэнбатын хүү Наянбуугийн эхнэр Сугарын Өнөртуул 2016 оны 9 дүгээр сарын 7-нд байгуулагдсан “Дэлгэрбаянговь” компаниараа ЖДҮХС-гаас 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Ингээд тооцохоор энэ 10,3 тэрбум төгрөгийн зээл Ш.Раднаасэд гишүүний ах дүүсийн хамаарал бүхий компани авчээ. Энэ 2020 оноос мөрөө буруулж, нэрээ шилжүүлж эхэлсэн ч мөнгө мөрөө үлдээдэг болохоор алтайчууд андахгүй юм билээ.