Оны шилдэг шүлэг тодруулах “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасартай уулзаж хөөрөлдлөө.
-Таны аавын багш, дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн ерэн насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадамд оролцон Хутагтын хишигт найрагчаар тодорсонд баяр хүргэе!
-Ар халхын алт мөнгөн тамгат Ялгуусан хутагт Данзинванчүгийн хишигт найрагч гэсэн шагнал авлаа.
-Цаст их Очирваань хайрханы бэл, түүхт эртний Улиастай хотод очиход ямаршуухан санагдав?
-Ээжтэйгээ, хүү Хасуйтайгаа тэр их онгон дагшин сайхан нутаг оронд очоод ирлээ. Аавынхаа дурсгалыг хүндэтгэн, миний аавыг Монголын уран зохиолд хөтөлж оруулсан Бэгзийн Явуухулан гэдэг агуу их хүний ойд очно гэдэг миний хувьд маш сайхан хэрэг байлаа.
-Таны аав шинийн нэгэнд бурхан зүг одож, уран зохиолд хайртай болоод ер Монголын ард түмэнд гүн их харамсал авчирсан. Хүүгийн хувьд сэтгэл тань хэцүү байгаа гэдгийг гүнээ ойлгож байна. Гэлээ ч, Мишигийн Цэдэндорж гуай “Амьтай голтой мөртлөө үхсэн юм шиг хүн байх юм, үхсэн хатсан мөртлөө амьд юм шиг хүн байх юм” гэсэнчлэн Бавуугийн Лхагвасүрэн гуай бол мөнх амьтай найрагч юм даа?
-(Удтал дуугүй суув. Л.Б) Би аавыгаа амьд гэж боддог. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд амьд байгаа болохоор миний аав амьд байлгүй яахав. Хүмүүс үхэл гэдэг юмыг тэр чигээрээ үгүй болох, алга болох гэж ойлгодог. Гэхдээ, үхэл гэдэг хүний сэтгэл зүрхэнд илүү ойрхон орших гэж оддог, лагшинг гээдэг шалтгааныг хэлдэг юм бол уу гэж би боддог.
-Аавтай тань хэдэнтээ хөөрөлдөх хувь тохиосны хувьд өв бүтээл болоод үр хүүхдүүдээ үлдээсэн хувь заяандаа харамсах зүйлгүй, эцэг хүний бардам сэтгэлтэй буцсан бол уу гэж боддог юм?
-Хүнийг өнгөрсний дараа хүмүүс их сонин болдог шиг байгаа юм. Миний аав хэдэн сая хүн дотор нэг төрөх гоц авьяастай аугаа хүн байж дээ. Тэр хүнийг орлоно, тэр хүний орон зайд байна гэж байдаггүй. Зүгээр, хүү нь болж төрсний хувьд би тэр хүнийг үргэлжлүүлэх ёстой гэж боддог юм. Эцгийн минь тэр орон зайг хэн ч нөхөж чадахгүй. Би өөрийнхөө сэтгэлийг дэвсээд, өөрийнхөө бүх арьсыг дэвсээд хэвтсэн ч тэр орон зайг нөхөж чадахгүй том орон зай байсан.
-Аавтай чинь ноднин өдийд хөөрөлдөж суухад яруу найргийн “Морин зэрэглээ” гэдэг ном гаргах санаатай гэж байсан. Тэр ном нь аль хэр цэгцрээ бол?
-Аав минь их өөдрөг байсаан. Монголын ард түмний хайртай хүү өөрийгөө эдгэнэ, сайн сайхан зүйл бүтээнэ гэж бодож байсан боловч яалт ч үгүй бие тэнхээ нь дийлэхгүй, арга буюу өөрөө цөхөрч байсан. Ухаан нь эрүүл мөртлөө юмаа бичиж чадахгүй байсандаа өөрөө их харамсаж байсан.
-Тав зургаан хуудас юм бичихээр л ядраад байх юм гэж байсан шүү, хөөрхий?
-Энэ л сэтгэл зүйд нь маш их дарамттай байсан. Бичиж чадахгүйдээ халаглаад сууж байсан тэр цаг хугацаа бол хамгийн аймаар цаг хугацаа байсан.
-Насаараа хийгээд ирсэн сайн сайхан хөдөлмөрөө биеийн байдлаас болоод хийж чадахгүй байна гэдэг мөн ч хэцүү байсан байх даа?
-Үнэхээр үзгээ даахгүй болсон байсан юм чинь дээ. (Санаа алдав. Л.Б) Тэгэхэд л би аавыгаа хамгийн аймаар цаг хугацааг туулж байгааг нүдээрээ харж суух надад халширмаар байсан шүү. Аавынхаа “Морин зэрэглээ” гэдэг томоохон номыг нь хэвлүүлэхээр бэлдэж байна. Өөрөө гучин хувийг нь бараг бэлдсэн. Тэмдэглэлийн дэвтрүүдээс нь түүхий түүхий шүлгүүдийг нь оруулж байгаа болохоор ажиллагаа ихтэй, суух шаардлагатай байна. Судалгааны эргэлтэд оруулах, Монголын уран зохиолд нэмэр болох үүднээс бодож хийнэ гэдэг бас их хүнд юм. Тиймээс цаг хугацаа их орж байна. Тэрнээс ямар нэгэн байдлаар, зөвхөн өөрийнх нь тэмдэглэлээр шууд хэвлэсэн бол бэв бэлэн байлаа. Шинэ залуу яруу найрагчдад, мэргэжлийн яруу найраг гэдэг юманд их хувь нэмэр болох талаас нь бодож бүтээлийг хийнэ гэдэг нэлээд явдалтай, ярвигтай ажил байна. Энэ номыг яаралтай гаргах нь хүү миний үүрэг. Гэхдээ, өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр дээр байсан бүхнийг бүтэн боловсруулна гэдэг бэрх ажил юм байна. Өөрийнх нь лаборатори гэдэг маш чухал юм шүү дээ. Нэг үгэн дээр гэхэд зургаан төрлийн вариантаар бодож, ажиллаж байсан хувилбаруудыг бүгдийг тусгана гэдэг маш хүнд.
-Ганц оновчтой үг тавьчих гээд тархиа ёстой нэг “гашилгадаг” бясалгадаг найрагч байжээ?
-Тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдлаар нь далаад хувьд нь хүрч ажиллана гэдэг хүнд л юм. Аав минь өөрөө номоо хийсэн бол ямар чамбай байх вэ, яаж ханддаг билээ, ямар сэтгэлээр ханддаг вэ гэдэг чинь их нарийн зүйл л дээ. Яруу найраг гэдэг чинь өөрөө мэргэжлийн урлаг. Маш хүнд.
-Аав маань энэ үгийг л сонгочих байсан бол уу гэсэн үгийг сонгож авч байна уу?
-Ер нь бол барагцаагаар тийм. Судлал шинжлэлийн эргэлтэд оруулах талаасаа бодох юм бол их түвэгтэй л байна л даа. Их хүний бүтээлийг чанаргүй болгочихвол аймаар асуудал шүү дээ.
-Өө, тэгвэл ч ёстой нэг амьдын хар нүгэл гээч болох байх шүү...
-Тэрнээс би их айж байна. Яагаад гэвэл Монголын ард түмний оюуны цангааг тайлах их бүтээлийг би хорломооргүй байгаа байхгүй юу. Тэр бол надад хамгийн хүнд ачаа.
-Аав тань танд маш их хайртай байсан. “Хасар маань хэдэн ч удаа хагалгаанд орлоо” гэж цаанаа л нэг зовнингуй ярьж суусан нь нүдэнд харагдаж байна. Та одоо бие ямаршуухан байна. Хаана, юу хийж байна?
Яруу найрагч Л.Ганзул, А.Эрдэнэ-Очир, Л.Хасар нар. 2018 он
-Миний хувьд гэвэл аав минь надад хэзээ ч татгалзаж болохгүй агуу их албан тушаал өгсөн юм. Тэр бол яруу найрагч гэдэг албан тушаал. Энэ яруу найрагч гэдэг албан тушаал, яруу найргийн төлөө амьдрах миний хувь заяа байж. Тэгээд энэ их хүний сүрэн дор би яруу найргийн буулган дор зүтгэнэ гэдэг маш хүнд ачаа. Өнөөдөр би аавынхаа бүх нооргийг янзлаад суусан ч насаараа янзлаад барахааргүй их юмны дэргэд сууж байгаа. Тиймээс ойрын үед аавынхаа номыг гаргах, ноорог эхийг нь янзлах тийм ажилтай л их сууж байна даа.
-Өөрөө 2003 онд “Зүг чиггүй гурвалжин” номоо гаргасан. Удаах номоо хэзээ гаргах вэ?
-Ганц хоёр шүлгийн ном, эсээний ном гаргана гэсэн бодолтой л байгаа.
-Ханиа алдахаас хэцүү зовлон хорвоод байхгүй. Баасан эгчийн бие лагшин ямаршуухан байна?
-Миний эжий бол бүхий л насаараа аавын минь дэргэд яруу найргаар амьдарсан хүн шүү дээ. Миний эжий ханьтайгаа учирснаас хойш тавин зургаан жилийн дараа ханиасаа бүртийгээд үлдэж дээ. Ийм их хугацаанд хамт амьдарсан ханиасаа хагацаад үлдэнэ гэдэг хэцүү. Миний эжийд нэг сайхан юм байдаг. Миний аавын миний эжийд зориулж бичсэн шүлгүүд миний эжийг өнөөдөр амьд байлгадаг. Энэ их аз жаргал юм даа.
-Лхагвасүрэн ах айлын ганц хүү. Тэр хүнийг өнөр болгож өргөн дэлхийн энгээр хайрлана гэдэг ээжийн тань гайхамшиг л юм даа?
-Миний эжий арван гурав төрсөн байдаг юм. Тэгээд алдсан. Дөрөв таван үрээ алдаад, найман хүүхэд үлдсэн. Миний аавыг найм болтол үржүүлсэн ээжийгээ би хамгаас их хайрладаг.
-Баасан эгч “Хасар надтай хамгийн их адилхан” гэж бахархдаг юм билээ шүү?
-Харин тийм. Царайны хувьд их адилхан. Аав минь хүртэл “Чи өөртэйгөө хамгийн адилхан хүнээ загнах юм” гэж ээжид хэлдэг байсан. (Баяртайгаар инээв. Л.Б)
-Яруу найргийн ертөнцөд сайхан андалж нөхөрлөж явсан найз нөхдийнхөө тухай дурсаач!
-Түрүү жил миний хувьд бол хамгийн хүнд жил байлаа. Миний хамгийн хайртай анд Лхамсүрэнжавын Ганзул, хайртай ах Арлааны Эрдэнэ-Очир... Агуу их ертөнцийн жамын өмнө сөгдсөн өдрүүд байсан. Би тэрэнд харамсдаг. Хэрвээ тэр залуус байсан бол Монголын уран зохиолд маш их юм хийх байсан гэж би одоо харамсаж суудаг.
-Ганзул та хоёр ч оюутан байхаасаа л ишигний эвэр шиг ижилдэж явсан даа?
-Бид хоёр чинь хүүхэд байхаасаа л нийлж нөхөрлөсөн. Нэгнээ нөмөрлөсөн. Хоёулаа хөтлөлцөөд гүйдэг байсан. Хүмүүс миний бичсэн шүлгийг мэдэж болно. Зул бид хоёрын хөтлөлцөөд нөхөрлөж явсан цаг хугацааг бол хэн ч тооцоолж чадахгүй.
-А.Эрдэнэ-Очир та нар ч их ойрхон байсан байх шүү?
-“Цог” сэтгүүлд нэг хамт олон болж хэдэн жил сайхан ажиллаж явсаан. Тэр цаг хугацаа миний амьдралд хамгийн гэгээн цаг хугацаа байсан байх. Аав минь “Цаад Арлааны Эрдэнэ-Очир чинь шүдээ урдаа овоолчихоод явж байна уу” гэдэг байсан юм. Шүдээ урдаа овоолчихсон ахтайгаа, хоёулаа байхуу цай бариад хүн шоолоод явдаг байлаа даа. Би тэгэхдээ ганцхан юмыг одоо болтол ойлгодоггүй юм. Эрдэнэ-Очирын хүнийг шоолохдоо хүртэл хайрлаж чаддаг тэр хайрыг би ойлгож чаддаггүй юм. Энэ яруу найрагчийн мөн чанар юм бол уу гэж түүгээр нь би одоо бахархдаг. Ямар зөөлхөн, ямар ухаалаг хүн байсан билээ. Тэрийг нь бодохоор харамсаад баршгүй байдаг юм.
-Аав чинь гарын таван хуруу шиг сайхан нөхөдтэй хүн дээ?
-Жагдалын Лхагваа ах, Д.Урианхай ах, Л.Дашням, Дармын Батбаяр ах, аав эд нар гарын таван хуруу шиг явсан найзууд аа. Монголын уран зохиолыг үүрсэн цаг хугацаа нь тэр. Монголын уран зохиолыг хамгийн өндөрт өргөж явсан хүмүүс бол энэ тав шүү дээ. Эд бол үнэхээр гавьяатай хүмүүс, яагаад гэвэл кирилл үсгээр бичигдсэн Монголын уран зохиолыг шинэ төвшинд гаргасан гэж би бардам хэлж чадна.
-Аав чинь өөрт чинь олон шүлэг зориулсан уу?
-Би айлын долоо дахь хүүхэд юм. Аав ээж хоёр минь намайг айлын отчиган болно гэж бодож. Эжийг Герман руу хоёр, гурван сараар сургалтад явах хойгуур би хатгаа тусаад тэгээд намайг их эрхлүүлсэн юм гэнэ лээ. Аав маань надад зориулж “Уянгын тойрог” шүлгээ бичээд, анхны номоо ч энэ шүлгээрээ нэрлээд “Хүү минь яруу найрагч болоосой доо” гэж хүсч байсан байдаг юм. Гэтэл муу хүү нь олигтой яруу найрагч болж чадсангүй дээ. Тэрэндээ л би их харамсдаг юм. “Сайн яруу найрагч болж аавынхаа ачийг нэг хариулах юм сан” гэж би өдөр болгон бодож явдаг юм.
-Өөрийг чинь сайн яруу найрагч гэх уншигчид олон бий. “Болор цом”-ын тэргүүн шүлэгч боллоо. Ер нь аавынхаа ачийг хариулах хэмжээний нэртэй, мөртэй яваа юм биш үү?
-“Болор цом” бол яруу найргийн хэмжүүр биш шүү дээ. Яруу найраг гэдэг бол хүний сэтгэл зүрхэнд орших, хүний сэтгэлд хамгийн ойрхон юмыг яруу найраг гэдэг байх. Хүн шиг хүн байж чадахгүй бол яруу найрагч гэгдэх эрхгүй. Хүн чанар гэдэг л явж явж хамгийн гайхамшигтай бүтээл юм даа. Монголчууд бид цөөхүүлхнээ шүү дээ. Нэгнийгээ хайрлахгүй юм бол энэ ертөнц юу юм бэ гэдгийг л би олж харсан.
-Таны ойрын үеийн бодол мөрөөдөл юу байна?
-Аавынхаа бүтээлүүдийг бүрэн ботилох юм сан гэсэн бодол бий. Дор хаяж арван хэдэн боть болох төсөл хэрэгжих байх.
Л.БАТЦЭНГЭЛ