Манай дарга нар ойр хавийн хэдэн уулын модыг Улаанбаатарт “булшилж” дуусгаад өдгөө хилийн бүсийн ой руу оржээ. Хотын ерөнхий менежер Д.Ганболд хилийн зурвасаа шилмүүст мод авчирч суулгах тушаал гаргаж энэ “тусгай ажиллагаа”-ндаа хагас тэрбум илүү буюу 598 сая төгрөг зарцуулсан байна. Модыг хойд хилээс авчирсан агаад үүнийгээ энэ онд Хил хамгаалах ерөнхий газартай байгуулсан “хамтран ажиллах” гэрээ гэгчийн дагуу хийж байгаа гэнэ. Энэ гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн цэргийн 0101 дугаар анги 800 ширхэг мод бэлтгээд 208 сая төгрөг хувиарлуулжээ.0243 дугаар анги 309 сая төгрөгөөр 1500 ширхэгийг бэлдсэн аж. Сүүлийн үед төрийн байгууллагуудад бизнес хийх “зөвшөөрөл”-ийг дээрээс өгсөн гэсэн нь ийнхүү хилийнхэн дээр илэрч байгаа бололтой. Хуулиар хилийн зурвасд мод огтлох нь бүү хэл хөл тавьж нэвтэрч ч болдоггүй гэдэг. Тэгвэл өөрсдөө зуу зуугаар нь мод сугалж аваад эхэлжээ. Д.Ганболдын тушаалд заасан шилмүүст модонд нарс, гацуур, шинэс, хуш ордог. Ойгоос уутлуулж авчирсан мод амьдрах чадваргүй, бүр амьдруулж ургуулж чадахгүй байгаа тухай олон жил ярьсан. Хамгийн наад захын жишээ нь Тсганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх тарьсан нарс модод орно. Гэтэл хотын дарга нар хилийнхэнтэй нийлээд бүр хилийн зурвасаас мод авчирсаар байна.