alim.mn | 2024.12.27
БГД-ийн ИТХ төлөөлөгч Э.Миегомбоо “дэмжиж” долоон жилийн өмнө бичсэн номоос нь 90 ширхэгийг худалдаж авчээ

Дүүргийн ИТХ төлөөлөгчдөө зүйл бүрээр эрхлүүлдэг. Жил бүр урамшууллын мөнгө өгч, тойрогтоо ажиллахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, олон сая төгрөгөөр “сургаж” бас “чадавхижуулдаг”. Тэгвэл энэ удаад Баянголын ИТХ төлөөлөгч бөгөөд зохиолч Э.Миегомбоо дэжмсэн шиг дэмжиж “Хотжилт” романаас нь 90 ширхэгийг 1,8 сая төгрөгөөр худалдан авчээ. Нэг бүр нь 20 мянган төгрөгийн үнэтэй номыг ИТХ-ын 30 жилийн ойд зориулан төлөөлөгч нарт тараасан гэнэ. Төрд шахдаг бараанд ном өргөнөөр ордог. АСЕМ-ийн үеэр Баабарын номыг олон арван саяар худалдан авч гадны төлөөлөгчдийн бэлгэнд боосон. Олон нийтийн хамгийн сайн мэддэг нь “хийгүй” ерөнхийлөгч асан Н.Багабандийн Эрдэнэт үйлдвэрт “Титэм үг”-ээ шахсан шахаа. Өмнө нь зохиогч төрд номоо шахдаг байсан бол өдгөө төрийн байгууллага тодорхой нэгийг нь “сонгон” авч дэмждэг болжээ. Төрд “тоогдоно” гэдэг нь их хувь заяа. Нэг дор бүр 100 гаруй ширхэгийг зарах нь зохиолч нарт тэр бүр олдохгүй боломж юм. Төлөөлөгч бөгөөд зохиолч Э.Миегомбо өөрийгөө дэмжүүлэхээр эхэлж хандсан эсвэл ИТХ түрүүлж дуугарсан эсэх нь тодорхойгүй. Бүх шатны дарга нарын дунд ном сонин тэр тусмаа уран зохиолын ном уншдаг хүн байдаг эсэх нь маш эргэлзээтэй хэрэг. Тэд уран зохиолын ном байтугай мэргэжлийн номоо ч сөхөж хардаггүй. МАН-ын хамгийн “мундаг” хуульч гэх Ц.Нямдоржийг өнгөрсөн 30 жилд хуулийн чиглэлээр гарсан нэг ч ном бүтээл уншиж тархиа цэнэглээгүй хэмээн О.Баасанхүү хэлж байсан нь үнэний ортой. Тийм болохоор Э.Миегомбын тэртээх 2015 онд  бичсэн номыг мэдэх хүн Баянголын ИТХ дотор л лав байгаагүй байх ... Түүнээс гадна энэ нь бусад төлөөлөгч нарт уран зохиолын ном бичих сэдэл өгсөн байх аюултай. Удахгүй баахан төлөөлөгч бичсэн номоо бариад “намайг дэмж” гээд ирвэл яана ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ