
Турк улсын Анталия хотод зохион байгуулагдсан 100 буудалт даамны тэмцээнд Дэлхийн 19 орны 207 тамирчинтай оюун ухаанаа сорин өрсөлдөж, Монгол улсын даамын баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж медалийн чанараар ТЭРГҮҮН байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн билээ. Хан-Уул дүүргийн удирдлагууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт үзүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн даамын баг, тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн Даамын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Эрдэмбилэг даамын баг тамирчдын дасгалжуулагчаар ажиллаж, хөвгүүдийн үндсэн төрөлд 114 дүгээр сургуулийн сурагч А.Дашчирэв алтан медаль, охидын үндсэн төрөлд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагч Н.Лхагвадолгор алтан медаль тус тус хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулан багийн нийлбэр дүнгээр даамын тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн баг тамирчдад дүүргийн удирдлагууд Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн даамын шигшээ багийн тамирчнаар 114 дүгээр сургуулийн сурагч А.ДАШЧИРЭВ нь 100 буудалт даамын спортоор 10 гаруй жил хичээллэсэн бөгөөд 10 настайдаа Монгол Улсын Спортын дэд мастерын болзол хангаж, 12 настайдаа Монгол Улсын Спортын мастер цол, 14 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолыг тус тус хүртсэн дүүргийн шилдэг тамирчин.

