Ийм нэгэн хэрэг Ховд аймагт гарчээ. Тухайн үед Ховд аймгийн санхүү, дотоод хяналтын албаны даргаар ажилаж байсан Н.Г нь Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б.Байгалмаа, бага ангийн сургалтын менежер А.Чулуунчимэг, Г.Наранцэцэг, тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан Г.Ууганбаяр нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцгээ ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57.8 сая төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Гэрч Х.Отгонбаярын “...Үйлдвэрлэлийн ослын актыг судлан бүртгэхэд би оролцдоггүй. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1 дүгээр хавсралтын дагуу тухайн байгууллагын осол судлан бүртгэх комисс гэж байдаг. Тухайн комиссын гишүүд нь дээрх хавсралтын дагуу бөглөөд гарын үсэг зурж баталгаажуулаад ирдэг. Ингэсний дараа би гарын үсэг зурж баталгаажуулж тэмдэг дардаг. Би өөрийн биеэр оролцож судалсан зүйл байхгүй. Тухайн актыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталгаажуулсан бөгөөд би тус ажилд томилогдоод 15 хонож байсан. Аймгийн санхүүгийн дотоод хяналтын Г надтай ирж уулзаад “миний аав 2020 оны 07 дугаар сард нас барсан. Тухайн үед ажлын байрандаа нас барсан акт нь надад байна, та үүнийг баталгаажуулж өгөөч” гэж ирсэн. Тэгэхэд нь би “тухайн үед ажиллаж байгаагүй учир чадахгүй” гэж хэлээд буцаасан. Удалгүй тэр өдрийн үдээс хойш нь аймгийн мэргэжлийн хяналтын газрын П.Эрдэнэчулуун намайг өрөөндөө дуудахаар нь очиход Г сууж байсан. Надад хандаж “чи энэ актыг баталгаажуулаад өгчих, чамд ямар ч хамаарал байхгүй” гэхээр нь “би болохгүй байх” гээд өрөөнд нь сууж байтал “чи тамгаа дараад гарын үсгээ зурчихаа, чамд ямар ч хамааралгүй” гээд байхаар нь П.Эрдэнэчулуун даргын өрөөнд орж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаад өгсөн” гэжээ.
Зэрэг сумын сургуулийн менежер Г.Наранцэцэг “сумаас аймгийн төвд ирчихсэн явж байтал түүний хүү Г надтай тааралдаад “би аавынхаа тэтгэмж хөөцөлдөх гэж байна. Та суманд очоод А.Чулуунчимэг менежер, Б.Байгалмаа нийгмийн ажилтан, Г.Ууганбаяр манаач нараар гарын үсэг зуруулаад явуулчихаарай” гэсэн. ...би суманд очоод байж байтал Г залгаад “та над руу өглөөний машинаар яаралтай цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад явуулчих” гэсэн. Би “юу гэсэн утгатай юм бичих юм бэ?” гэхэд “та нар зүгээр л гарын үсэг зур, дотор юмыг би өөрөө бичнэ” гэж хэлсэн...” гэжээ.
Зэрэг сумын дунд сургуулийн захирал Ч.Төмөрмөнх “ ... талийгаачийн хүү болох аймгийн ЗДТГ-т ажилладаг Г надтай уулзаад “танай сургуулийн дансанд миний талийгаач аавын тэтгэмжийн мөнгө гэж боловсролын газраас 35 сая төгрөг орсон байгаа. Та түүнийг гаргаж өгөөч” гэхээр нь би нягтлан бодогчийг дуудаж уулзаад “тэтгэмжийн мөнгө гэж орж ирсэн үү?” гэхэд орж ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ авах ёстой мөнгө юм байна гэж ойлгоод зарлагын баримтад гарын үсэг зурж шилжүүлсэн. ...2020 оны 12 дугаар сард ирж дахин надтай уулзаад “танай сургуульд үдийн хоолноос хэмнэгдсэн мөнгө байгаа. Тухайн мөнгийг оноос өмнө авахгүй бол Сангийн яам татаад авчихдаг юм. Миний аавын тэтгэмж 60 сая төгрөг авах ёстой ба би 35 сая төгрөг авсан байгаа. Иймд та хэмнэгдсэн үдийн хоолны мөнгөнөөс нэг удаагийн тэтгэмж урамшуулалд суулгаж өгөөч гэсэн бичиг хийгээд өгчих, би аймаг ороод өөрөө хөөцөлдөөд авчихъя” гэсэн. Би тухайн үед нягтлан бодогчийг дуудаж уулзахад хүүхдийн хоолноос 15.3 сая төгрөг, үдийн цай хөтөлбөрөөс 7.4 сая төгрөг тус тус хэмнэгдсэн гэж хэлсэн тул түүнийх нь дагуу албан тоот хийгээд аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. ...Ингээд аймгаас нэг удаагийн тэтгэмж дээр 22.8 сая төсөвлөгдөж орж ирсэнийг Г-гийн данс руу шилжүүлсэн” гэжээ. Хүүгийн ажиллагаа ийнхүү амжилттай болсон ч талийгаачийг амралтаа аваад амарч байх хугацаандаа нас барсныг ажил дээрээ нас барсан гэсэн акт, дүгнэлт гаргаад хүү Г нь тэтгэмжийн мөнгийг авсан гэх гомдол ирсэнээр энэ хэрэг илэрчээ.