Ийм нэгэн хэрэг Баян-Өлгий аймагт гарсан байна. Тус аймгийн Улаанхус сумын харьяат, 43 настай Х.М нь өөрийн охин болох З-г 2008 оны 2–р сарын сүүлээр нас барсан байхад бодит байдлыг нуух замаар М-ийн З-гийн нэр дээр төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2012 оны 10-р сараас 2020 оны 3-р сар хүртэл сард 20000 төгрөгөөр нийт 1,8 сая, 2020 оны 4-р сараас 2022 оны 3 –р сар хүртэл сард 100000 төгрөгөөр нийт 2,4 сая төгрөгийг авч, нийгмийн халамжийн санд нийт 4,2 сая төгрөгийн хохирол учруулжээ. Тэрээр “... миний бие анхны эхнэр маань нас барсны дараа 2004 онд Х.Н гэх хүнтэй гэр бүл болсон. Тэгээд анхны охинтой болсон ч 2008 оны 2-р сарын сүүлээр өвчний улмаас нас барсан. Тухайн үед би охиныг нас барсны бүртгэлд бүртгүүлж байсан. 2012 оны 12-р сараас эхлэн хүүхдийн мөнгө олгож эхлэхэд нас барсан охин болох З-гийн хүүхдийн мөнгө миний дансанд орж эхэлсэн. 2022 оны 3 дугаар сард охин З нь 18 нас хүрсэн гээд хүүхдийн мөнгө хасагдсан...” гэжээ. Тэрээр хэрэг илрэх үед талийгаач охиноо 2021 оны 12-р сарын 15-ны өдөр нас барсан гэж мэлзэж үзсэн гэнэ. “Сэргэлэн” нь дэндсэн эр хүүхдийн мөнгийг өдөр тутмын хэрэглээндээ зарцуулдаг байжээ.