Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр хуульчид нэгнийгээ цохиж байхад иргэд гудамжинд зодолдох нь аргагүй биз. Өнгөрсөн онын хавар тус хүрээлэнгийн эрдэмтэн НБД С.Сүхбаатар эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.С-Э-г шанаан тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Энэ хэргийн шүүх хурал саяхан болж НБД-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэмээн 1,2 сая төгрөгөөр торгожээ. Хохирогчийн зүгээс мөнгөн төлбөр нэхэмжлээгүй байна. НБД-тан цохисон шалтгаанаа ажлаа тааруухан хийдэг болохоор нь шаардлага тавьдаг, үүнд дургүйцсэн байх, намайг шахаж ажлаас гаргалаа гэж хариу авах гэсэн байх зэргээр тайлбарлаж удирдан ажилтан үг хэлж болохгүй хэцүү цаг иржээ хэмээн гомдонгуй мэдүүлжээ. Харин хохирогч “...Манай ажилынхан эвтэй, нэгэндээ хувийн муухай зан гаргадаггүй. Би тийм асуудал үүснэ гэж бодоогүй тул зог тусаж шоконд орсон. Миний нүүр улаа бутраад явсан.. Өөрөө хуулийн байгууллагын хуульч хүн ийм нахаалны байж болохгүй. Эрх мэдэл, албан тушаалаараа дарамталж айлган сүрдүүлж болно гэж бодож байвал эндүүрэл шүү. Энэ хүн боловсролтой, мэдлэгтэй, англи хэлтэй хүн. Хувийн зан байдал нь ийм догшин, балмад гэж мэдээгүй. Яаж ичихгүй худлаа ярьж байна. Хүнийг цохичихоод нэр төртэй байгаач. Тухайн үед гал бутартал цохиулж дотор муухай оргиж, өрөө рүүгээ яаж орж сандал дээр сууснаа мэдэхгүй байсан. Би цагдаа дуудахаас өмнө энэ хүнийг буцаж орж ирээд эр хүн шиг уучлалт гуйх байх гэж бодсон чинь тэгээгүй. Надад бүр чамайг эртхэн зайлуулах байсан юм, мөрөөрөө зайлаарай, чи яваад заргалдаарай, чамайг ална гэсэн, эмнэлэгт үзүүлж байхад Г дарга хүрээд ир уулзъя гэхээр нь нарийнтай уулзах шаардлага байхгүй гэтэл над руу 36 удаа залгасан....” гэжээ.