Ийм нэгэн хэрэг Говь-Сүмбэр аймагт гарч “санал” болгогч өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр санал болгон, амласан гэмт хэрэгтээ 12 сая төгрөгөөр торгуулжээ. Иргэн Б.Б нь “Хэрлэн Энерго” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “ГААС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2022 оны намар Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгчид татварын хэргийг өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд нэг зуун сая төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэмт хэрэгт холбогджээ. Оны эхээр “Сүмбэр хайрхан Энерго” компани нь их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэх мэдээллийг ирж шалгахад тус компанийн нэрээр хилээр гаргасан 16000 тонн жонш нь “ГААС” компанийх болох нь тогтоогдсон. Шалгалтын явцад дээрхи хоёр компанийн захирлуудын хувийн дансанд шалгалт хийж мэдүүлэг авчээ. Энэ үед Б.Б нь хэргээ хурдан шийдүүлмээр байна гэх агуулгатай зүйл ярьж мөн “...манай эгч Канад явах гээд би батлан даагчаар визэнд орох гэж байгаа, би ял авахаар энэ асуудал бүтэхгүй болох гээд байна, өөр ямар гарц байж болох вэ...” гэжээ. Тэгээд “би энэ асуудлаа зохицуулмаар байна, танай өрөөнд камер байхгүй биз дээ, эсвэл машинд чинь өгөх үү, зуун сая төгрөг өгье” гээд доошоо тонгойжээ. Мөнгө гаргаж ирэх нь гэж сайндарсан цагдаагийн ажилтан “та ингэж ярьж болохгүй. асуудал мөнгөөр шийдэгдэхгүй, хуулийнхаа дагуу шийдэгдэнэ” гэхэд тонгойсноо мөнгө гаргаж өгөөгүй гэнэ. Цагдаагийн ажилтан болсон явдлын талаар мэдээлсэний дагуу 100 сая төгрөг санал болгосон хэрэг илэрчээ. Татварын шалгалтаар “ГААС” компани нийт 2.6 тэрбум төгрөгийн төлбөрийг улсад төлөхөөр тооцоо гарсан гэнэ.