Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 3-р сарын 31-ний өдрөөс 2021 оны 11- сарын 10-ны өдрийн хооронд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны давхарт цахилгаан шатны хажуугаас болон тухайн байрнуудын В1 давхар, авто зогсоолд зориулалтын бэхэлгээгээр бэхэлж, байрлуулсан байсан иргэдийн унадаг дугуйнуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 55 удаагийн үйлдлээр авч, нэр бүхий 56 хохирогч нарт 77.7 сая төгрөгийн, нэг иргэний нэхэмжлэгчид 150 мянган төгрөгний нийт 77.8 сая буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Түүний хулгайлсан дугуйнуудын дотор 1,8 сая төгрөгийн үнэтэй “Giant 800 plus” , хоёр сая төгрөгийн “Cannondale terral 6”, 3,8 сая төгрөгийн үнэтэй “Норко” загварын унадаг дугуйг оржээ. Түүнээс гадна 5,1 сая төгрөгийн үнэтэй “Cannondale Jkl”, бүр 10 сая төгрөгийн үнэтэй “Cannondale” загварын унадаг дугуйг ч хүртэл байгаа аж. Хэрэг явдлын тухай хохирогч нар “...“Ривер гарден” хотхоны ... дүгээр байрны В1 давхраас 27 дугаар зогсоол руу неон өнгийн ханцуйтай хар өнгийн курткатай, хар өмд, хар өнгийн гуталтай 17-20 насны орчим эрэгтэй хүн миний унадаг дугуйг унаад хотхоны баруун хойд талын хаалгаар гарч байгаа бичлэг бичигдэн үйлдсэн байсан...”, “... миний дугуйг 2021 оны 10-р дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 34 минут 14 секундэд 16-18 насны халимаг үстэй этгээд унаад явж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байв...” гэх мэтээр мэдүүлжээ.