alim.mn | 2025.06.09
200 сая долларын хөрөнгө оруулалт буюу “Буха Интернейшнл” компани америк залилагчид 7500 доллароор “хулхидуулсан” ХЭРГЭЭС ...

Гэнэт орж ирдэг олон зуун сая долларын гадаад хөрөнгө оруулалтанд одоо ч итгэдэг компаниуд байдаг аж.  “Буха Интернэйшнл” компаний захирал “EM CAPITAL INVESTMENT GROUP” компаниас 200 сая ам.долларын хөрөнгө оруулах болсон талаар  ажилтнуддаа мэдэгджээ. Хөрөнгө оруулагч нь “BB&T” банкаар хөрөнгө оруулалтаа дамжуулна, манай төлөөлөгч танайхтай холбогдоно гэсний дагуу удалгүй  Терри Ли Нэнси/Terry Lee Nance/ гэгч whats up цахим сүлжээг ашиглаж холбогджээ.  Өөрийгөө хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч гэж танилцуулаад 200 сая долларыг Монгол Улс руу шилжүүлэхдээ урьдчилгаа 500 мянган долларыг “Хонг Конг”-ийн арилжааны банк дахь дансанд шилжүүлэх талаар шаардлага ирүүлсэн гэнэ. Үүнийг монгол компани  эсэргүүцэж эхний ээлжид итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ирэхээр нь харж байгаад шийдэхээр болжээ. Ингээд коронагийн халдвартай байх үед буюу 2021 оны намар  Терри Ли Нэнсигийн бүх зардлыг дааж Монголд авчирчээ.  Тэрээр  хөрөнгө оруулалтын гэрээг энд суугаа Америкийн ЭСЯ-аар батлуулах  нотариатын баталгааны төлбөр болох  7500 долларыг бэлнээр гаргах шаардлага тавьсаныг нь биелүүлжээ. Төлбөрөө бэлнээр авсан Терри Ли Нэнси нь компаний төлөөлөлтэй хамт ЭСЯ явжээ. Терри Ли Нэнсиг гарч ирэхэд нотариатын төлбөр төлсөн баримт шаардахад  төлбөрийн баримт өгөөгүй,  ЭСЯ холбогдох бичиг баримтыг “BB&T”  банк руу явуулж баталгаажуулсаны дараа өгнө гэх зэргээр хөнгөхөн хуурсан байна.  Ийнхүү залилан явагдаж байгааг монгол компани биш харин Америкийн ЭСЯ мэдэж манай хуулийн байгууллагад хандсан аж. Нотариатаар баталгаажуулахаар өгсөн баримтыг шалгаж үзэхэд “BB&T” хөрөнгө оруулалтын банк нь 2020 оны 3 дугаар сараас хойш ажиллаагүй нь тогтоогдсон тул шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагуудад хүсэлт илгээжээ.  Монгол компани нь долоо хоногийн хугацаатай ирсэн ч сунгагдсан Терри Ли Нэнсигийн байр хоол, эмнэлгийн зардалд 90 гаруй сая төгрөг гарсан гэсэн бол америк залилагч Шангри-Ла зочид буудлын 2300 долларын төлбөрийг өөрөө төлсөн гэжээ. Түүний эд зүйлээс Монголын том банкнуудын газрын захирлуудын нэрийн хуудсаас гадна “United Bank For Africa” /Африкийн Нэгдсэн Банк/-ийн 75 сая долларын нөхөн олговрын сангийн ашиг хүртэгч болохыг нь нотолсон  бүр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гарын үсэг болон тэмдгээр баталгаажуулсан батламж хүртэл гарч иржээ. Өдгөө америк залилагчид шүүхийн шийдвэрээр хилийн хориг тавигдсан байдалтай байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ